ДУНДГОВЬ: 40 гаруй зохиолч, сэтгүүлч оролцсон номын баяраар соёлын олон талт үйл ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-25 17:00:15
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 5 дугаар сарын 24-нд Мандалговь хотноо бороотой, номын хуртай, найргийн дугараатай, оюуны даллагатай өдөр болж өнгөрлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Үндэсний номын баяр”-ыг бүх нийтийн баяр болгон тэмдэглэж эхэлснээс хойш энэ хавар “Илүү их уншъя” уриан дор 33 дахь удаагаа зохион байгуулж байна.

“Үндэсний номын баяр”-ыг Дундговь аймагт анх удаа ийнхүү өргөн дэлгэр, шинэлэг хэлбэрээр тэмдэглэж, иргэдэд энэхүү өдрийн ач холбогдлыг ойлгуулж, илүү их унших, илүү их мэдэх хүслийг төрүүлж чадсан.



“Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар тус аймагт зохион байгуулсан номын баярт СГЗ, зохиолч До.Цэнджав, СГЗ, хөтлөгч Б.Гантигмаа, СГЗ, дуун хөрвүүлэгч Г.Аким, "Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын тэргүүн Л.Амаржаргал, СГЗ, зохиолч Б.Шүүдэрцэцэг, СГЗ, зохиолч Б.Сарантуяа, СГЗ, нийтлэлч До.Чулуунбаатар, Хүүхдийн зохиолч Н.Мандал, “Үндэсний номын баяр”-ыг санаачлагч Б.Сувд нарын 40 гаруй хүндтэй зочид оролцсон юм.

Баярын үйл ажиллагааны хүрээнд шинэ болон ховор номын хямдралтай худалдаа гарч, зохиолчид уншигчдын худалдан авсан номд өөрийн гарын үсгээ зуран дурсгаж, номын танилцуулга, ном бүтсэн түүхийн тухай дотно яриа өрнөж, сургалт, уулзалт, лекц гээд соёлын олон талт үйл ажиллагаа боллоо.



Энэ өдөр СГЗ, зохиолч До.Цэнджав монгол хэл, уран зохиолын багш нартай уулзаж, зохиолч Б.Шүүдэрцэцэг “Монголын түүх”, монголын түүхэнд тодорсон хатад” сэдвээр сонирхолтой лекц уншиж, ном зүйч, сэтгүүлч Б.Сувд орон нутгийн номын санч, соёлын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, хүүхдийн зохиолч Н.Мандал бага ангийн сурагчид, уншигч хүүхдүүдэд ном уншиж, жүжигчилсэн тоглолт үзүүлсэн.  

Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, хөтлөгч Б.Гантигмаа “Телевизийн урлаг буюу өөрөөрөө байх нь” сэдвээр лекц уншиж, хөтлөгч болох хүсэл мөрөөдөлтэй хүүхэд, залуучуудад зөвлөгөө өглөө.


No description available.

Уншигч олонд номын соёлыг түгээх, хүүхэд залуусыг номд дурлуулах, ном уншихын ач холбогдлыг ойлгуулан таниулах зорилго бүхий “Үндэсний номын баяр”-ын үйл ажиллагаа “Мэдрэмжийн үдэш”-ээр үргэлжилж, тус үдэшлэгт “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын багш, уран бүтээлч хүүхдүүд болон ТХДЖТ-ын дуучид ая дуугаа өргөсөн бол зохиолчид шүлгээ уншиж, өөрсдийн сэтгэгдэл мэдрэмжээ хуваалцжээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав нутгийнхаа уншигч түмэнд хандан “Ном уншдаг хүн л хүчирхэг байдаг. Амьдралыг танина, нийгмийг танина, өнгөрснийг танина. Ирээдүйтэйгээ хамт байя гэвэл ном уншиж, номтой нөхөрлөх ёстой.

Манай Дундговийн иргэд бол оюуны баялагтай, урлаг, утга зохиолын авьяас билиг ихтэй ард түмэн. Оюун санааны, урлаг утга зохиолын төв нь энд байгаа гэж болно. 

Хүүхэд, залуучууддаа захиж хэлэхэд ном сайн унш, ном бол мөнхийн дагуул, мөнхийн нөхөр. Хэн ч хэлээгүй үгийг ном хэлнэ, хэн ч өгөөгүй ухааныг номын ухаан өгч, тусална. Өнөөдөр зуны эхэн сар, могой өдөр. Хур бороо орлоо. Оюуны хур хуртугай” гэсэн юм. 




No description available.



Холбоотой мэдээ