ОРХОН: Иргэдийн санхүүгийн мэдлэг дээшилж байж санхүүгийн тогтвортой байдал үүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-25 12:11:10
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо, Орхон аймгийн ЗДТГ хамтран “Санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт арилжааны банк, даатгал, ломбард, банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөл болон иргэд оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэхдээ,“Ковидын цар тахлаас болж гурван жил завсардсан хэлэлцүүлгээ хойд бүсийн аймгаас эхлүүллээ. Санхүүгийн зохицуулах хороо өмнө нь хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн салбар, хадгаламж, зээлийн хоршоо гэсэн дөрвөн салбарыг хянан зохицуулж байсан бол өнөөдөр 11 салбарт зохицуулалт хийж байна. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын багц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд энэ онд зохицуулалтын зах зээлийн үнэлгээ 9 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрээд байна.

Санхүүгийн салбар өргөжин тэлэхийн хэрээр дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ олноор нэвтэрч байна. Нөгөөтэйгүүр санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал чухал хэвээр байна” гэлээ.


Тус хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ, “Цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинаа цахим техник, технологийн хөгжил эрчтэй явагдаж, санхүүгийн салбарт дижитал технологид суурилсан финтек бүтээгдэхүүн, үйлчилгээ өргөнөөр дэлгэрснээр иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, стандарт шинэ түвшинд хүрсэн.

Салбарын хамрах хүрээ, зохицуулалтын орчин өргөжин тэлж буйтай холбогдуулан төрийн эрх бүхий санхүүгийн зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлж, салбарын тогтвортой хөгжлийг хангахад УИХ-аас анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, олон тулгуурт санхүүгийн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт зөвхөн бодлого боловсруулагчид бус дэд бүтцийн байгууллагууд, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчид, иргэд олон нийтийн оролцоог дэмжиж, итгэлийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой байна. Үүнд, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж санхүүгийн залилан, луйвар, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх, монгол хүн бүрийг санхүүгээ ухаалгаар төлөвлөж, удирдахад хүртээмжтэй, мэргэшсэн үйлчилгээгээр хангах цогц тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд УИХ-аас төрийн өмчит компаниудын хувьчлал болоод виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, уул уурхайн бүтээгдэхүүний бирж, мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой нэр бүхий хуулиуд, бодлогын баримт бичгүүдийг баталсан. Мөн даатгалын зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар даатгалын компаниуд холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, төрийн худалдан авах ажиллагаанд даатгалын компанийн гаргасан баталгааг хүлээн авах боломжийг бүрдүүлсэн” гэсэн юм. 

Холбоотой мэдээ