Балбын газарчин Эверестийн оргилд 28 дахь удаагаа гарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТКАТМАНДУ. /Reuters/. Балбын газарчин /ширваа/ Ками Рита Эверестийн оргилд 28 дахь удаагаа гарч дээд амжилт тогтоосон талаар холбогдох албаны төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ. К.Рита сүүлийн долоо хүрэхгүй хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа гарсан нь энэ юм.
Өдгөө 53 настай ширваа К.Рита далайн түвшнээс дээш 8849 метр өндөр уулын оргилд зүүн өмнөд нурууны уламжлалт замаар гарсан гэж Балбын Аялал жуулчлалын яамны төлөөлөгч Бигян Койрала мэдээлжээ. К.Рита өнгөрсөн долоо хоногт 27 дахь удаагаа амжилттай авирсан билээ.
Анх 1953 онд Шинэ
Зеландын уулчин Эдмунд Хиллари, ширваа Дэнзэн Норгай нарын гаргасан энэ зам нь өдгөө
дэлхийн хамгийн өндөр оргилд хүрэх "хамгийн дөт бөгөөд аюулгүй зам" хэвээр байна.
К.Рита Эверестийн оргилд анх 1994 онд гарч байсан бөгөөд түүнээсээ хойш үндсэндээ жил бүр авирсан байна. Энэ долоо хоногт Балбын өөр нэгэн ширваа Пасанг Даваа мөн тус оргилд 27 дахь удаагаа гарчээ. Харин Их Британийн уулчин Кентон Кул 17 удаа авирсан амжилтаар Эверестийн оргилд хамгийн олон удаа авирсан гадаадын иргэний амжилтыг эзэмшдэг.
Гэсэн хэдий ч өнгөрсөн амралтын өдрүүдэд Эверестэд дахин хоёр хүн амиа алдсан нь уул олон уулчдад аюул учруулж байгааг дахин харуулсан явдал болжээ. Ингэснээр дөрөвдүгээр сараас хойш амь эрсэдсэн хүний тоо 11-т хүрсэн байна.