“Осирис-Рекс” сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНФЛОРИДА. /CNN/. АНУ-ын НАСА агентлаг дэлхийд ойр орших жижиг солирууд дээрээс шороо чулууны дээж цуглуулан авчрах зорилгоор сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө.
Энэ нь зургаан жилийн өмнө нэгэн жижиг солир дээрээс Японы судалгааны “Хаяабуса” сансрын хөлөг дээж авчирч байснаас хойших анхны оролдлого болж байна.
Пүрэв гарагийн 23:05 цагт Флорида муж улсын Канавералын хошуунаас “Атлас 5” пуужин тээгчээр “Oсирис-Рекс”-ийг хөөргөжээ. НАСА-гийн энэ сансрын хөлөг нь Бенну хэмээх жижиг солирт хүрэх ёстой. Уг солир ойролцоогоор 500 м урт ба нарыг 14 сар тутамд нэг удаа тойрдог ажээ.
"Osiris-Rex" нь нэг жилийн хугацаанд дэлхийг тойрон нисэх бөгөөд үүний дараа хурдаа нэмэн дэлхийн татах хүчнээс гарч "Бенну" солирын зүг хөдөлж, 2018 онд түүнд хүрэх ажээ.
Энэ сансрын хөлөг нь солирыг хоёр жил хагасын хугацаанд тойрон нисэх бөгөөд солир дээрээс 2 кг дээж авахын тулд гадаргуу дээр зөөлөн буух аж. Үүний дараа 2023 онд дэлхий дээр буцаж ирнэ.
"Бенну" солир дээр нүүрстөрөгчийн нэгдлүүд их хэмжээгээр байдаг гэж үздэг ажээ. Уг солироос авчирсан дээжийг судалснаар амьдралын үүсэл хийгээд нарны аймгийн үүсэл хөгжлийг тодорхойлох боломжтой болох юм.
Х.Сарнай