Аргентинаас өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн яс олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБУЭНОС-АЙРЕС. /CONICET/. Аргентинаас манай гараг дээр 90 сая жилийн амьдарч байсан өвсөн тэжээлт аварга том үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн чулуужсан яс олдсон талаар тус улсын Шинжлэх ухаан, технологийн судалгааны үндэсний зөвлөл мэдээлжээ.
Үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг “Chucarosaurus diripienda” хэмээн нэрлэсэн байна. "Бид хоёр метр орчим урт гуяных нь ясны хэмжээгээр энэхүү үлэг гүрвэлийг 40-50 тонн жинтэй, 30 орчим метр урт байсан гэж таамаглаж байна" гэж судалгааны багийн гишүүн Матиас Мотта ярилаа.
Бусад аварга үлэг гүрвэлүүдтэй харьцуулахад шинэ төрөл зүйлийн яс нь нимгэн байсан хэмээн тэрбээр хэлээд “энэ нь бусад аварга гүрвэлүүдээс “туяхан биетэй” байх ёстой гэдэг таамаглалд хүргэж байгаа юм” гэж нэмж хэлжээ.
Эрдэмтдийн хэлж байгаагаар, шинэ төрөл зүйл нь заруоподуудын төрөлд хамаарах аж. 2019 онд Рио-Негро мужид хийсэн экспедицийн үеэр олдсон хоёр эм үлэг гүрвэлийн чулуужсан ясыг эрдэмтэд одоо л судалж дуусжээ. Палеонтологичдын судалгааны үр дүн “Cretaceous Research” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.