ТӨВ: Аймгийн анхны хоршоог Дэлгэрхаан суманд байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-19 17:07:15

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймд тус аймгийн түүхэн товчооноос түүвэрлэн, цувралаар хүргэж байна.

1923 онд Мишиг гүний хүрээ буюу өнөөгийн Төв аймгийн Дэлгэрхаан суманд аймгийн анхны хоршоо үүсэж байв. Эдийн засгийн шинэ тогтолцоог буй болгоход үндэсний худалдаа онцгой ач холбогдолтойг анхааран үзэж 1921 оны 8 дугаар сараас “Хоршооны дүрэм” боловсруулж, хэрэгцээт бараагаар хүн амыг хангах, аж ахуйтны таваарын бүтээгдэхүүнийг ашигтай борлуулах зорилгоор Эд хэрэглэгчдийн буюу “Ардын харилцан туслалцах хоршоо”-г оны шувтаргаар байгуулжээ. Ардын харилцан туслалцах хоршоо гишүүн элсүүлж, хувь хөрөнгө хуримтлуулан, салбар хэлтсүүд нээсний нэг нь 1923 онд Мишиг гүний /Дэлгэрхаан сум/ хүрээнд үүсгэсэн хоршоо байв.

Төв хоршооны даалгавраар 20 тэмээ ачаатай очсон Баяндай хоршоонд хүн элсүүлэхэд намын II үүрийн 35 гишүүн манлайлж, доод тал нь 16 хятад янчаантай дүйх, дээд тал нь 300 мөнгөн төгрөг нийлүүлж нэгдэн Богдхан уулын аймагт “Эд хэрэглэгчдийн хоршоо” Дэлгэрхаан суманд үүсэж үйлчилгээ нь эхэлсэн.  

1927 оны 8 дугаар сард Богдхан уулын аймгийн яамны дэргэд /Лүн суманд/ Анхны хоршоо байгуулахад 200 орчим хүн элсэж, хувь хөрөнгө 15 мянган төгрөгийн хамт өөрийн хөрөнгө 50 мянган төгрөгт хүрч, 1928 оны тайлангаар 7,2 мянган төгрөгийн ашигтай ажилласан аж. Энэчлэнгээр эдүгээгийн Баянжаргалан, Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст, Баянцагаан, Могод, Хишиг-Өндөр Угтаалцайдам суманд ардын хоршоод үүсэж, аймаг 1930 онд 18 хоршоотой болжээ.

1931 онд улсын хэмжээгээр 361 хоршоо, 1940 онд Төв аймагт анхны хоршоо 20, салбар 18, дэлгүүр мухлаг 30 гаруй, агент-ганзага 224-тэй, 4,1 сая төгрөгийн бараа борлуулж, мах 135,0 мянган тн, ноос, арьс шир, ангийн үс зэрэг 20 гаруй нэрийн бэлтгэлийн зүйлийг худалдан авч байжээ.

Монголын Харилцан туслалцах хоршоог 1930 оноос “Эд хэрэглэгчдийн хоршоо” гэж нэрлэн сумдад Анхны хоршоо гэх болжээ. 1934 оны 7 дугаар сард Улсын худалдааны газар байгуулж байв.

Төв аймаг 1931 онд 17 дэлгүүр мухлагтай, 66 мянган төгрөгийн хувь хөрөнгөтэй, 1940 онд 4,1 сая төгрөгийн бараа борлуулж байсан ба 1955 онд нийтийн хоолны газар нээж, 1957 он гэхэд анхны хоршоо 37, дэлгүүр 51, гуанз 10, талхны газар 2, агент 115, хувь нийлүүлсэн гишүүн 19,9 мянгад хүрч, 1958 онд 71422,9 мянган төгрөгийн бараа гүйлгээ хийж байсан түүхтэй

 

Эх сурвалж: Төв аймгийн Музей, Төв аймаг 100 жил хуудас 

Холбоотой мэдээ