Өндөр хүчдэлд цохиулж хорогдож буй шувуудын 50 хувь нь идлэг шонхор байгааг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-08 21:11:52

БОАЖ-наас “Шонхор шувууны ёс зүй хорогдол, хорогдлын шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Сүүлийн үед шонхор шувууны зүй бус хорогдолд төр засаг анхаарлаа хандуулаач ээ гэсэн хүсэлт ард иргэдээс олноор ирж байгаа аж. Тиймээс шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж байгаа хорогдлыг бууруулахын тулд хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, байр сууриа нэгтгэхээр хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс 2006 оноос хойш идлэг шонхрын тоо толгойг өсгөх, зүй зохистой ашиглах гарцыг хайж судалгаа хийж буй. Судалгааны хүрээнд хиймэл үүр барин шонхор шувууны үржлийг дэмжиж байгаа талаар тус төвийн биологич Г.Батбаяр энэ үеэр дурдсан. Хиймэл үүр барьснаар олон тооны идлэг шонхрын ангаахай бойжиж нисдэг болсон гэнэ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд өндөр хүчдэлийн шугамд идлэг шонхор гэлтгүй махчин шувууд хүртэл үрэгдэх болсон байна. Гэхдээ зүй бусаар хоргодож байгаа нийт шувуудын 50-иас илүү хувь нь идлэг шонхор байгаа аж. Тиймээс өндөр хүчдэлийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэлээ.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, "Судалгаагаар жилдээ 4000 мянга орчим түүнээс дээш хэмжээний шувуу өндөр хүчдэлд цохиулан хоргодож байгааг тогтоосон. Зүй бус хоргодлоос урьдчилан сэргийлэхийн тулд 2015 онд БОАЖЯ болон Эрчим хүчний яамны сайдын тушаалаар хамтарсан ажлын хэсэг гарсан байсан ч тухайн үедээ байхгүй болсон. Одоо дахин сэргээн ажиллаж байна" гэсэн юм.

1998-2005 оны хооронд хийсэн судалгаагаар 6000-18000 шонхор шувуу байдаг гэсэн тоо гарчээ. Энэ бол 11 жилийн өмнөх судалгаа юм. Шонхор шувууны тоо толгой болон тархацын судалгаагаар манай улс идлэг шонхрын үржлийн цөм газар хэмээн тооцогддог байна. Өнөөдөр дэлхий ихэнх орнуудад энэ шувууны тоо эрс цөөрсөн ба манай улс үржлийн энэ популяциа алдах юм бол дэлхийн хэмжээнд идлэг шонхор цөөрөх хандлага гарч болзошгүй гэнэ.

Ер нь бол өндөр хүчдэлийн шонгуудыг стандарттай болгож, шувуу үргээдэг сэнс байрлуулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ