Санхүүгийн сахилга батыг сайтар хангасан болохыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-08 20:26:32

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцын өнгөрсөн оны санхүүгийн тайлангийн гүйцэтгэл ямар нэгэн зөрчилгүй, санхүүгийн сахилга баттай байсныг байнгын хорооны дарга Ж.Энхбаяр энэ үеэр онцлоод хэд хэдэн чиглэлд үүрэг өгсөн юм. Тодруулбал, Гадаад харилцааны яам энэ оны 4 дүгээр улиралд багтаан АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад гарсан зардлын задаргааг, Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний Барилгын цэргийн ангийн ажлын үр дүнг байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтов. Мөн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн зарцуулалтыг шалгаж, дүгнэлт гаргахыг Үндэсний Аудитын газарт үүрэг болголоо.

Ингээд дээрх төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ