Шинэ “iPhone7”-г танилцууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕРЛИН. /Die Welt/. Apple компани өнгөрсөн шөнө шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Хүмүүсийн таамаглаж байснаар шинэ “iPhone 7”, “iPhone 7 Plus” утаснууд шинэ камертай, өөр өнгөтэй, илүү багтаамжтай болсон байна.
Эдгээр гар утаснууд 9 дүгээр сарын 16-нд худалдаанд гарах бөгөөд 9-ний өдрөөс эхлэн урьдчилсан захиалга авах ажээ. Үнийн хувьд “iPhone 7” нь 649 доллар, “iPhone 7 Plus” нь 769 доллараас эхэлж байна.
Шинээр худалдаанд гарч буй “iPhone 7”, “iPhone 7 plus” гар утаснууд камерандаа маш том өөрчлөлт хийжээ. Одооноос эхлэн “iPhone” гар утсаар шөнийн цагт зураг дарахад илүү тод, чанартай гарах ба зургаан төрлийн чадамжтай линз суулгаж өгчээ. Ингэснээр энэ линз нь шөнийн цагт өмнөх загварын гар утаснаас 50 хувиар илүү гэрэл цуглуулж, хөдөлгөөнт зургийг илүү тогтвортой авч, чанартай видео бичлэг хийх бөгөөд мөн ухаалаг LED флаш гэрэлтэй болсон байна.
Ингэснээр бүх үзүүлэлтүүд нь “iPhone 6” гар утасныхаас даруй 50 хувиар сайжирсан гэж үзэж болно. Камеранд хийгдсэн энэ бүх ухаалаг шинэчлэлтийг A10 чипийн тусламжтайгаар хийснээр гэрэл зураг илүү тод гарах юм.
Өнгө загварын хувьд “iPhone” гар утас нь 4,7 болон 5,5 инчийн дэлгэцтэй, алтлаг болон сарнайн ягаан өнгөнүүдээс гадна гялалзсан хар ба тас хар өнгөтэй байна. Мөн хүн бүрийн хүсч байсан усны хамгаалалтыг шинэ “iPhone 7”, “iPhone 7 Plus” утсанд суулгаж өгчээ.
Хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бол яахын аргагүй багтаамж юм. Одоо “iPhone 7” гар утас 32 GB багтаамжтай болсон тул "утас дүүрлээ" гэх шалтгаан үгүй болно. Мөн “iPhone 7” ба “iPhone 7 Plus” хоёулаа A10 Fusion процессортой болсноор илүү хурдтай болжээ.
Маш удаан яригдсан хүлээлт батлагдаж, шинэ “iPhone 7” гар утас нь чихэвчний оролтгүй болсон байна. Хэрэглэгчид цэнэглэгчний оролтоор дамжуулж чихэвчээ холбоно. Мөн Apple компани цоо шинэ Airpods нэртэй ямар ч утасгүй чихэвчийг танилцууллаа. Уг чихэвчийг тусад нь 159 доллароор худалдах аж.
Х.Сарнай