ГОВЬ-АЛТАЙ: Ахмадын зөвлөх үйлчилгээнд 112 сурагч хамрагдаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Ахмадын зөвлөх үйлчилгээнд Ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан секцэд хамрагддаггүй 112 хүүхэд хамрагдаж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь ахмад багш, зөвлөхүүдийн мэдлэг ур чадварыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэднийг хөгжүүлэх зорилгоор ахмадын зөвлөх үйлчилгээг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд Ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан секцэд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор соёл урлаг, спорт, боловсрол чиглэлээр зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд 112 хүүхдийг шатар, IQ, уран уншлага, утга зохиол, гар бөмбөг, бүжиг зэрэг чиглэлээр сургалтад хамруулж эхлээд байгаа тухай Говь-Алтай аймгийн ХХҮГ-аас мэдээллээ.
Энэхүү ажлыг Дэлхийн зөн Говь-Алтай орон нутгийн хөгжлийн хөтөлбөр дэмжин ажиллаж морин хуур, ёочин, ятга, даралтат хөгжим, гитар, уран зургийн мольбертийг тус тус нийлүүлэхээр болжээ. Ингэснээр хөгжмийн дугуйланд бүртгүүлсэн сурагчид удахгүй сургалтдаа хамрагдах боломж бүрдэх юм.