Төсвийн алдагдал хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-08 16:13:17

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Сангийн дэд сайд Х.Булгантуяа, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор А.Зангад нар танилцуулав.

Өнгөрсөн оны гүйцэтгэлээр манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6 их наяд төгрөг буюу 98.7 хувийн биелэлттэй, зарлага 7.1 их наяд төгрөг буюу 94.8 хувийн биелэлттэй. Төсөв 1 их наяд 156.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч дотоодын нийт бүтээгдэхүүний 4.99 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгаа гэнэ.  Улсын төсвийн орлогын тасалдал нь нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлд голлох нөлөөг үзүүлсэн бөгөөд орлогын дутагдалд дотоодын эдийн засгийн идэвхгүй байдал, эрдэс бүтээгдэхүүний үнэ болон импортын бууралт зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Хүний хөгжил сангийн өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээр 356.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 423 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 118.5 хувийн биелэлттэй гарсан байна. Энэ нь тус санд оны эцсээр Эрдэнэт үйлдвэрээс 49 тэрбум төгрөг, Оюутолгой ХХК-аас 28 тэрбум төгрөгийг АМНАТ-ын орлого төвлөрсөнтэй холбоотой гэж тайланд дурджээ.

Танилцуулгуудтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн ба байнгын хорооны санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов. 

Б.Туул

Холбоотой мэдээ