Үндсэн хуульд нэмэлтээр орж ирэх пропорционалийн элементийг өөртөө шингээсэн холимог тогтолцоо

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-05-15 08:58:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Тус байнгын хороо дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг энэ сарын 12-ныг хүртэл авсан. Өнөөдрөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилнэ.


Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 

  • Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно хэмээн өөрчлөн найруулсугай гэсэн байгаа юм.

Харахад бага зүйл мэт боловч энэ парламентын засаглалтай орны хувьд олон зүйлийг өөрчилнө гэж хуулийн төсөл санаачлагчид онцолдог.


Үндсэн хуульд ийм өөрчлөлт орсноор:

  • иргэдийн санал гээгдэх,
  • тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах,
  • олон нийтэд танигдсан,
  • хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг тал арилна.

Сонгуулийн мажоритар тогтолцооны сул талыг арилгадаггүй юм гэхэд, хий, завсар зай, нүх сүвийг бөглөх сонгуулийн пропорциональ тогтолцоогоор УИХ-ын нийт гишүүний 50 хувийг сонгох шаардлага амьдралаас урган гарч ирж байна. Үндсэн хуульд гар хүрснээр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ гэж үзжээ.


Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тодорхойлж баталгаажуулснаар:

  • сонгуулийн тогтолцоо тогтвортой байх,
  • намууд сонгуульд шударгаар өрсөлдөх,
  • иргэдэд ойлгомжтой байх,
  • гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтой.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь УИХ-ын гишүүний тоог 152 болгоно. Гэхдээ түүний 50 хувийг уламжлалт сонгуулийн тогтолцоо буюу тойргоос сонгоно.


Үндсэн хуульд орж ирэх пропорциональ сонгуулийн тогтолцооны зарим хэсгийг өөртөө багтаасан холимог тогтолцоог ардчилал өндөр хөгжсөн орнууд парламентынхаа сонгуульд ашигладаг юм байна. Тухайлбал, ХБНГУ-ын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:

  • Германы Бундестагийн гишүүнийг нийтээрээ, шууд, чөлөөтэй, тэгш, нууц санал хураалтаар сонгоно. Гишүүн нь ард түмнээ төлөөлж, аливаа тушаал, даалгавраас ангид байж, зөвхөн итгэл үнэмшилдээ захирагдана гэж сонгуулийн зарчим, гишүүний ёс зүйн хэм хэмжээг тогтоожээ.

Холбооны сонгуулийн хуулийн дагуу холимог тогтолцоогоор хууль тогтоох дээд байгууллага (Бундестаг)-ын 598 гишүүнийг  ХБНГУ-ын ард түмнээс 4 жилээр сонгодог. Тэдний 299 депутатыг нэг мандаттай сонгуулийн тойрог /мажоритар арга/-оос, үлдсэн 299 депутатыг улс төрийн намуудын нэрсийн жагсаалт /пропорциональ арга/-аар сонгодог. Сонгуулийн энэхүү тогтолцоогоор сонгогч харилцан үл хамаарах, бие даасан хоёр саналыг гаргах ба эхний санал нь сонгуулийн тойргоос сонгогдож байгаа нэр дэвшигчид өгнө. Харин дараагийн саналыг Холбооны 16 муж улс тус бүрийн улс төрийн намын нэрсийн жагсаалтад байгаа намыг сонгоно. Холбооны 21 сонгуулийн комисс сонгогчдын намд өгсөн саналыг үндэслэн сонгуульд орсон улс төрийн намуудад Германы хурлын суудлыг хуваарилдаг юм байна.


Монголчууд ирэх 2024 оны УИХ-ын сонгууль /Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан нөхцөлд/-ийг дээрхийн адил парламентын сонгуулийн холимог тогтолцоогоор өгнө. Гэхдээ намыг сонгохдоо саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдээс нэгийг нь дэмжих боломжтой. Жагсаасан нэрээс аль нэгийг дэмжсэн тохиолдолд ямар нэг нам давхар сонгохгүй. Таны дэмжсэн нэр дэвшигчийг жагсаалтад оруулсан намын авсан санал нэгээр нэмэгдэнэ. Санал хураалтын энэ хэсэгт санал өгөхдөө сонгогч та зөвхөн нэгийг нь сонгож хэрэглэнэ. Харин  зэрэг хэрэглэсэн нөхцөлд таны саналын хуудас хүчингүй болно. Түүнийг мартаж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ хэсгээрээ УИХ-ын сонгуулийн хуультай холбогдож байна. УИХ-ын сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох үүднээс эцэг хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэн нэг нь ямар нэг шалтаг тоочихгүй хийх шаардлага гарч ирсэн үү? Энэ асуултад хэн ямар хариу өгөхийг харах үлдлээ.

Холбоотой мэдээ