Монголын кино урлагийн босгыг өндөрлөсөн "МОНГОЛ"

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-05-09 14:51:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол" нэртэй уран сайхны кино Монголын кино урлагийн ертөнцөд дэгдэж буй хамгийн сүүлийн үеийн дуулиан болж байна. Шинээр мэндэлсэн даруйдаа олны анхааралд өртөж, цахиур хагалсан бүтээлүүдийн тоонд орж ирэх болсны шалтгаан чухам юу байв?


Монголын шинэ цагийн кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээн гарч ирсэн авьяаслаг жүжигчин Б.Амарсайхан чадварлаг найруулагч гэдгээ олны хүртээл болгосон бүтээлүүдээрээ батлаад буй. Түүний ээлжит нэгэн бүтээл энэ удаа шуугиан тарьж байна. Киноны нэр "МОНГОЛ". Гол дүрийн нэр МОНГОЛ. Энэ нэр киног ерөнхийд нь, эхнээс нь дуустал зангидаж авч явна.  


Гол агуулга нь, 1890-1900-аад оны үеийнх Дайчин гүрний доройтол, тэр үеийн Монголын төр, монголчуудын Манжийн эрхшээлд байсан түүхийг онцгой шийдэлтэйгээр өгүүлсэн кино. Бидний мэдэх мэдэхгүйн завсарт үлдсэн Манжийн үеийн төсөөллийг энгийн өгүүлэмжтэйгээр, чанар хийц сайтайгаар бүтээл болгосон аж. Киноны гол баатар харц гаралт залуу эр Монголын хайр сэтгэлтэй бүсгүй нь хошуу ноёны ганц охин. Хошуу ноён ганц охиныхоо хайр сэтгэл дээр дөрөөлөн атгаг шуналаа Монголоор дамжуулан гүйцэтгүүлэхийг тулгаж, түүнийг аргагүй байдалд оруулна. Хайрт бүсгүйнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй залуу эр ингээд Манжийн амбаны заналт дайсан болж хувирдаг. Олон бэрхийг үзэж, хатуужин зоригжсон тэрбээр ноёд ихсийн увайгүй байдлын эсрэг зүрх зориг, итгэл үнэмшил нэгдсэн сайн эрсийн хамтаар тэмцлээ эхлүүлнэ. Хошуу ноёны хатгаасаар орвонгоороо эргэсэн Монголын амьдрал эцэстээ эх орны төлөөх амь хайргүй тэмцэл болж үргэлжилнэ. Ноёдын шунал хүсэл, заль мэх, худал хуурмаг, хорон муу бүхний эсрэг энгийн ардын тэмцэл, үнэн шударгын эрэл ямархан их бэрхийг туулсныг уран сайхан харуулж чаджээ.


Залуу эр Монголын хайр сэтгэл, хатуу тавилан, хатан зориг, тэмцэл, итгэл найдвар тээсэн сүүлчийн зам... Энэ бүхнийг уг кино өгүүлнэ. Энэ бүхнийг кино багийн бүтээлч хөдөлмөрч байдал, хөгжмийн найруулга, дуугаралт, өнгө будаг, зураглаач, зураачийн ажил, найруулагчийн мэдрэмж нь хангалттай хэмжээнд бүтээж өгчээ. Манжийн худалдаачдад тавьсан Монгол ноёдын өрийг жирийн ардууд цус нулимсаараа төлж байсан гашуун түүх яг л ийм байсан болов уу гэсэн үнэмшил шууд л буухаар.


Монголчуудын оршин тогтнох эсэх дээсэн дөрөөн дээр байсан үеийг, тэр цагийн эх орончид ямар ял гавьяаг үүрэн байж өнөөдөрт хүрснийг сэтгэл догдлом хийц маягаар үзүүлжээ. Хайртай бүсгүйнхээ төлөө сэтгэл нь эх орныхоо төлөөх шударга тэмцэлтэй сүлэлдэн хүчирхэгжих зоригт эрийн баатарлаг түүх. Тэдний хайр сэтгэлийн холбоо, ээдрээт хувь тавилан кинон дундуур нарийн сэжмээр сүлжиж явна.

 

Гол баатарт оноосон Монгол хэмээх нэр нь, залуу эр Монголын хувь заяа, тавилан төөрөг нь Монгол орны эрт, эдүгээ, ирээдүйн холбоос болж буй мэт, өнөөгийн дүр төрхийг ч үзэн суугаа мэт, асуудал дэвшүүлсэн ч мэт үе үе ёнхийтэл дотор сэтгэлд бууна. Тэр цагийн Монголын ард түмний туулсан бэрх зам, цус, нулимсаа урсгасан эрх чөлөөний төлөөх тэмцэл нь өнөөгийн өнгө төрхийг барин тавин үзүүлэх ч шиг санагдана. Өнөөгийн Монголын амьдрал Манжийн үеийн Монголын амьдралтай ижил ч юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь найруулагчийн хэлэх гээд буй гол санаа, учиг нь гэж тааж бас болох. Гэвч аливаа уран бүтээлийн хэлэх гэсэн санаа нь заавал тод томруун байх ёстой, Монголын амьдрал, тэмцэл, хувь заяа, төгсгөл, итгэл найдвар, ирээдүй заавал тийм байх ёстой гэсэн онол, дүрэм ч угаас байхгүй шүү дээ. Мөнхүү бодит амьдралд тийм байдаг, харин энд тэгсэнгүй ингэсэнгүй гэх нь өөрөө утгагүй. Энэ бол үзүүлэх урлаг. Ихэнхдээ мэдрэмж голлоно. 

Хоёр цаг гучин минут орчим үргэлжлэх киног дэлгэцээс хормын төдий хараа салгалгүй үзэж дуусгана гэдэг бол киноны ритм хэмнэл нь донжоо олсон, хүний дотоодод хүрэх нарийн сэжмээ алдахгүй авч явж чадсаны гол нотолгоо ч биз. Киноны үйл явдлын дараалал ч оньсого таавар болгож хэлбэр үзүүлсэн бус, тун тодорхой тул сайн зохиол урамтай сайхан уншигддагтай агаар нэг.

Дуу, дуугаралт, хөгжим аялгуу, нүүр хувиргалт, зураачийн ажил, зураглаачийн чадвар цөм яруу сайхан зохицолтой, сэтгэл хөдөлгөсөн дүрслэлээр баялаг бөгөөд мэдрэмж, техникийн хослолоор бярдсан байна гэж эрхгүй дуу алдахад хүрснийг кино урлагийн салбарынхан, кино шүүмжлэгчид өгүүлцгээж байна. Сонирхолтой зохиол, голоо олсон найруулга, дүр сонголт яв цав, дүрслэл нь үнэн бодит мэт, хөгжим аялгуу сайтай бүтээл гэдэг дүгнэлтийг үзэгчид өгсөөр байна.

Хуучны монгол хэв маяг, тухайн үеийн аж байдлыг нягт гаргах гэж хичээсэн зураачийн хөдөлмөр илт харагдахын зэрэгцээ киноны ерөнхий өнгө дүрс, дүрүүдийн зан байдал жүжигчдийн тоглолт энгийн байх учир илэрхий жүжиглэж хэлбэрдсэн зүйл эндээс олж үзэхэд бэрх. Эсрэг дүрүүд маш хүчтэй байж чадаж гэмээнэ эерэг дүрээ илүү сайн товойлгодог гэж уг киноны найруулагч, жүжигчин Б.Амарсайхан хэлсэн байна. Яг энэ утгаараа дүрүүд биесээ маш сайн өнгөлжээ.


Монгол орны үзэсгэлэнт байгаль, моринд эрэмгий гарамгай монгол эрсийн ид хав, монгол морины цуцашгүй хүч зэргийг хүртэл үзсэн хэн боловч огшиж бахдам хийцээр зураглан үзүүлсэн баг хамт олны чадварыг энд өгүүлэх ёстой. Огших мэдрэмжээ дарахад хэцүү агшнууд бараг л киноны туршид үргэлжилнэ гэхэд хилсдэхгүй. Байгалийн гоёмсгийг нарийн ураар, технологийн дэвшлээр үзүүлэхдээ уран сайхан дүр дүрслэлийн маш оновчтой сонголтуудыг барьж авсан нь анзаарагдана.  Мөн адууг зураг авалтад маш ихээр ашигласан боловч энд ер илүүдэж харагдсангүй. Ам дамжсан яриа, түүхэн үнэн, уран сайхан, урлагийн гайхамшиг, шинэ цагийн технологийн дэвшил гээд бүгдийнх нь уялдааг сайтар зохицуулан хийж. Монгол хэлний уран ярууг, монголчуудын үгэн дотор үг, утга нууж хэлэлцдэг гайхалтай оюунлаг чанарыг үе үе голыг нь олж, агшныг нь онож шигтгэсэн байхыг энэ киноноос үзэхэд таатай байсныг нуух юун.


Дүрүүдийн дийлэнх нь жүжигчний мэргэжил эзэмшээгүй, мэргэжлийн бус хүмүүс байсан ч тэдний тоглолт харин ч хэн бүхнээс илүү үнэмшил төрүүлэхүйц байв. Шигтгээ болгон урласан, зарим хэсэгт үзэгдээд л өнгөрөх төдий дүрүүдэд хүртэл ёс жудаг, хүн чанар, хайрлаж бахархам шинжийг гайхалтай нааж чадсан байх юм. Нэг ёсондоо дүр сонголт найруулагчийн зорьсныг үзэгчдэд улам бүр дөхүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн метафор буюу дүр дүрслэлээр утга илэрхийлэх аргыг гарамгай ашигласан хэсгүүд ч ажиглагдана. Ерөөс кино урлагийн нэгэн гайхамшиг нь дүрийн дотоод ертөнцийг гүйцээж гаргах боломж өргөн байдаг.


Ердөө зуухан жилийн өмнөх монголчуудын туучаад, даваад гарсан тэр л хатуу хөтүү түүхийг нэгэн залуугийн эмгэнэлт хувь заяатай уран сайхнаар нягт холбон уясан байна. Киноны явцад ямар нэгэн асуудал дэвшүүлсэн ч юм шиг сэдэл сэтгэгдэл чимхэж орж ирэх нь ердөө түүхэн үнэн, уран сайхан хоёрыг ч бус өөр нэгэн томхон агуулгыг найруулагч сэм сэм шидээд ч байх шиг. Давхи, битгий зогсоорой гэх Монголын хайрт бүсгүйн эцсийн хүчээ шавхан хэлэх үг энэ бүгд цөм асуудал дэвшүүлэх шиг. Тийм ч учраас олон үзэгч “Энэ киноноос өнөөгийн Монголыг үзэх ч шиг” гэх сэтгэгдэл үлдээж байгаа биз ээ. Кино урлагийн салбарын зарим төлөөлөгч энэ кино Монголын кино урлагийн босгыг өндөрлөсөн бүтээл болжээ гэж үнэлж байна.


Эцэст нь, кино эзэнгүй морь эзгүй хээр давхисаар төгсөнө. Үлдэх үр хойчийнхоо төлөө амиа эргэлзэлгүй тушааж чадаж байгаа баатар эрийн зүрх зүсэм төгсгөлийг ийм шийдлээр хийсэн нь Монголын итгэл үнэмшил, итгэл найдвар урагшлан давхих мэт. Үнэ цэнтэй амьдарна, үхэж төгсөвч үлдээсэн найдвар нь давхиж явна гэсэн төсөөлөл өөрийн эрхгүй бууна. Хэсэгтээ уг кинон дотор сэтгэл үлдэнэ...

Үзэгч, судлаач, шүүмжлэгчдийн хамгийн их анхаарлыг татсан харилцан яриа:


Манжийн амбан:  -Чиний хайж байгаа шударга ёс энд байхгүй.

Монгол: Чи миний төр биш.

Манжийн амбан: Тэгвэл Монголын төр хаана байна? Чамд тэгээд юу үлдэв?  

Монгол: Надад итгэл найдвар үлдсэн..."


Холбоотой мэдээ