Цагаачдын урсгалыг зогсоохын тулд Их Британид хана барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-08 12:11:53

ПАРИС. /NHK/. Их Британи улсыг зорьж буй цагаачид болон дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд Францын хойд хэсгийн усан боомт хүртэлх хурдны зам дээр хана барина хэмээн Британийн Засгийн газар мэдэгджээ.

Өнгөрсөн оны зунаас хойш Ойрхи Дорнод болон дайны хөлд нэрвэгдсэн бусад газруудаас цагаачид болон дүрвэгсэд Францын хойд хэсгийн Кале боомтод олноороо ирж, тэнд  дүрвэгсдийн хуаран байгуулаад байгаа  аж. 

Энд 9000 гаруй хүн байгаа гэж тусламжийн байгууллагын ажилтнууд  ярьж байна.  Цагаачид болон дүрвэгсэд далай доогуур татсан туннелээр явж өнгөрдөг ачааны машинуудад нууцаар сууж, Их Британид очих гэж байнга оролддог байна.

Их Британийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, нэг км урттай, 4 метрийн өндөртэй хана барих талаар Францын Засгийн газраас зөвшилцсөн ажээ. Уг бетонон ханыг барихад 1.9 сая фунт буюу ойролцоогоор 2.5 сая доллар зарцуулах бололтой.

Барилгын ажил энэ сард эхлэх бөгөөд оны эцэс гэхэд бүрэн дуусах  ажээ.  

Х.Сарнай



 

Холбоотой мэдээ