Худал мэдүүлэг өгсөн Америкийн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-09-08 09:08:39

ВАШИНГТОН. /TASS/. Олимпод оролцох үеэрээ дээрэмдүүлсэн гэж худал мэдүүлэг өгсөн Америкийн усанд сэлэгч Райан Лохте-гийн тэмцээнд оролцох эрхийг нь 10 сарын хугацаагаар хассан тухай Usatoday цахим хуудсанд мэдээлжээ. Уг шийдвэрийг АНУ-ын Үндэсний Олимпын хороо, Америкийн усанд сэлэлтийн холбоо хамтран гаргасан байна.

Ингэснээр тэрбээр 2017 онд болох усанд сэлэлтийн ДАШТ-нд оролцох боломжгүй болж байгаа юм. Бразилын цагдаа нарт худал мэдүүлэг өгсөн гэх дуулианд холбогдсон Гуннар Бенц, Жек Конгер, Жеймс Фейген нарыг ч мөн адил тодорхой хугацаагаар тэмцээнд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн боловч хамгийн хүнд шийтгэлийг Лохте-д оноосон байна. Тодруулбал, Лохте-гийн хувьд тэмцээнд оролцох эрхийг нь 2017 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл хассан боловч мөн оны 7 дугаар сард Будапештэд болох ДАШТ-нд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Үүний сацуу, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Бразилын цагдаагийн газар Лохте-гийн хэргийг шүүхэд шилжүүлснээ мэдэгдсэн байна. Шүүхээс Америкийн усанд сэлэгчийг Бразилд дуудан ирүүлж, мэдүүлэг авна гэсэн боловч Лохте баривчлагдан хоригдохоос болгоомжлон тус улсад очих бодолгүй байна.

Х.Сарнай 

Холбоотой мэдээ