ГОВЬ-АЛТАЙ: Нийт төрөлтийн 94.5 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-08 14:16:39

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 347 эх амаржиж, 349 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 39 тохиолдлоор өссөн байна. 


Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 94.5 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 191 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 20 тохиолдлоор өссөн ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 58.2 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 306 эмэгтэй хамрагдсан ба 92.8 хувь нь эхний гурван сартайд, 7.2 хувь нь 4-6 сартайд орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцоллоо.

Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 4 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар аймгийн хэмжээнд 349 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хүүхдээр буюу 12.6 хувиар өсчээ. Тэдний 196 буюу 56.2 хувь нь хүү, 153 буюу 43.8 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас нэмж дуулгав.

Холбоотой мэдээ