НҮБ: Суданы мөргөлдөөн 800 мянган хүнийг дүрвэхэд хүргэж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-05-02 14:29:01

ХАРТУМ. /VOA/. Суданд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөн 800 мянга гаруй хүнийг тус улсаас дүрвэхэд хүргэж болзошгүй байгааг НҮБ даваа гарагт анхааруулав. Сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоогоо дахин гурван хоногоор сунгасан ч мөргөлдөөн үргэлжилсээр байна.


НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр, Суданаас 815 мянган хүн хөрш зэргэлдээ долоон орон руу дүрвэж магадгүй байна. Тэдний 580 мянга нь суданчууд бол үлдсэн нь гадаадын дүрвэгчид аж. Түүнчлэн 73 мянга орчим хүн хэдийнээ Суданыг орхин явжээ.


Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди даваа гарагт “Twitter” хуудсандаа, зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр байвал аюулгүй газрууд руу дүрвэх хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ гэдгийг анхааруулсан байна. 


Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчин гал зогсоох тохиролцоогоо ням гаргаас дахин 72 цагийн хугацаатай сунгасан ч агаарын цохилт, их бууны чимээ сонсогдсоор байгаа талаар нийслэл Хартум хот болон зэргэлдээх хотуудын оршин суугчид мэдээлжээ. 


Суданы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 528 хүн амиа алдаж, 4599 хүн шархадсан байна. 

Холбоотой мэдээ