ОРХОН: Өнгөрсөн онд 450 хос гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-02 14:36:58
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар хамтран нийгмийн анхдагч нэгж гэр бүлийг тогтвортой байлгах, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Гэр” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Тус төсөл нь гэр бүлийн асуудлаар судалгаа хийж, хосуудад сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх, гэр бүл цуцлалтын тоог багасгах зорилготой юм.

Аймгийн хэмжээнд 2022 онд Шүүх болон Эвлэрүүлэн зуучлалд гэрлэлтээ цуцлуулах 450 өргөдөл ирж, 316 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь 2020, 2021 онтой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт  юм.

Гэрлэлт цуцлалт нь гэр бүлээс гадуурх харилцаа, хадмуудын оролцоо, өрхийн эдийн засгийн чадавх, ажилгүйдэл, архидалт, гэр бүлээсээ хол ажил, хөдөлмөр эрхлэлт зэргээс шалтгаалж байна.

Гэхдээ гэрлэлт цуцлахаас өмнө хосууд Шүүхийн дэргэдэх “Эвлэрүүлэн, зуучлах төв”-д заавах хандах ёстой. Тус төв хосуудыг эвлэрүүлэх хэд хэдэн арга хэмжээг авна. Үүний дараа хосууд цаашид хамтдаа амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлээ Шүүхэд гаргаснаар асуудлыг шийдвэрлэх юм.  

Холбоотой мэдээ