Улаанбаатар хотод 160 мянга гаруй золбин нохой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-28 15:54:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, ЗӨСҮТ-ийн хамтран нийслэлийн суурьшлын бүс буюу 327,279 га талбайд 160,885 золбин нохой байгааг тоолжээ. Энэ нь нэг га-д дунджаар зургаан нохой байна гэсэн үг юм.


Тодруулбал, Баянгол дүүрэгт 1415, Баянзүрх дүүрэгт 64202, Сонгинохайрхан дүүрэгт 49726, Хан-Уул дүүрэгт 32840, Чингэлтэй дүүрэгт 3809, Сүхбаатар дүүрэгт 8889 эзэнгүй нохой байв. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр Улаанбаатар хотод 48128 нохой, 2139 муур эзэнтэй байна.

Он гарснаас хойш эзэнгүй 29671 нохой, муур устгажээ. Энэ хүрээнд “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалт зарлаад байгаа аж.


ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр “УБЗАА-тай хамтран төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохой тоолоход Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон, Чингэлтэй дүүрэгт хамгийн цөөн байна. Золбин нохдын 70 хувь нь гэр хороолол орчимд, 20-25 хувь нь үйлдвэр, компаниудын хашаанд, үлдсэн хувь нь орон сууцны хороолол орчимд байна” гэлээ. 

Холбоотой мэдээ