Япон “COVID-19”-тэй холбоотой хилийн хяналтын арга хэмжээнүүдээ цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-04-27 10:17:52

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар “COVID-19” халдвартай холбогдуулан хилийн чанадаас ирэх хүмүүст тавьж буй шаардлагуудаа энэ долоо хоногийн бямба гаргаас цуцлахаар төлөвлөж байна.


Засгийн газар хилийн хяналтын арга хэмжээнүүдийг тавдугаар сарын 8-наас буюу “COVID-19”-ийг улирлын томууныхтай ижил ангилалд оруулах үеэс цуцлах шийдвэрийг өмнө нь гаргаад байсан юм. Гэсэн хэдий ч эрх баригчид хилийн хяналтын арга хэмжээнүүдийг цуцлах хугацааг урагшлуулах асуудлыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.


Одоогоор Японы хилээр нэвтэрч буй иргэдэд коронавирусний вакцины гурван тунд хамрагдсаныг нотлох гэрчилгээ эсвэл 72 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх шаардлага тавьж байгаа юм. Засгийн газар мөн эх газрын Хятадаас шууд нислэгээр ирж буй зорчигчдыг шинжилгээнд хамруулах шаардлагыг цуцлах төлөвтэй байна.


Японд хаврын баярын “алтан долоо хоног”-ийн амралт энэ долоо хоногийн амралтын өдрүүдээс тавдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ үеэр хилийн чанадыг зорих япончуудын тоо нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн Засгийн газар нутагтаа ирэх иргэдийн мөрдөх журмыг хялбаршуулахыг зорьж байна гэж шинжээчид үзэж байна.


Гэхдээ хилийн хяналтын арга хэмжээнүүдийг цуцалсны дараа ч хилээр нэвтрэх үедээ халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа хүмүүсийг сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулна гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдэгджээ. Мөн вирусний геномын тандалтыг явуулах ажээ. 

Холбоотой мэдээ