Кабулын нисэх буудалд халдлага зохион байгуулсан этгээдийг устгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /CNN/. Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудалд 2021
онд болсон халдлагыг зохион байгуулсан “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн
толгойлогчийг “Талибан хөдөлгөөн устгасан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын
зөвлөл мэдээлжээ.
АНУ-ын засаг
захиргаа “Лалын улс-Хорасан” бүлэглэлийн толгойлогчийн нэрийг зарлаагүй ч
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн холбоо харилцааны төлөөлөгч Жон
Кирби түүнийг Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах үеэр үйлдсэн “аймшигт
халдлагыг зохион байгуулагч” гэж мэдэгджээ. Гэхдээ Ж.Кирби талибууд хэзээ “Лалын
улс-Хорасан”-ы толгойлогчийг устгасан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Талибуудыг засгийн
эрхэнд гарсны дараа суллагдаад байсан Абдуль Рехман Аль-Логри
гэгч этгээд нисэх буудалд амиа золиослон тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Уг халдлагын улмаас
Америкийн 13 цэрэг, Афганистаны 170 гаруй иргэн харамсалтайгаар амиа алдсан байна. “Лалын
улс-Хорасан” нь Афганистан болон эргэн тойрны бүс нутагт нь үйл ажиллагаа
явуулдаг террорист бүлэглэл юм.