Э.Блинкен: Суданы мөргөлдөгч талууд 72 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-25 10:11:13

ХАРТУМ. /DW/. Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчин 72 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гаргийн орой мэдэгдлээ.


“Сүүлийн 48 цагийн турш эрчимтэй хэлэлцээ хийсний дүнд Суданы арми, шуурхай хариу арга хэмжээ авах хүчин дөрөвдүгээр сарын 24-ний шөнө дундаас орон даяар 72 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцлоо” гэж Э.Блинкен хэлжээ.


Суданд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойших есөн өдрийн хугацаанд гурван удаа гал зогсоохоор тохиролцсон боловч аль нь ч бүрэн мөрдөгдөөгүй юм. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд мөргөлдөөн харьцангуй намжсан нь нүүлгэн шилжүүлэх янз бүрийн ажиллагааг хуурай газар, далай, агаараар явуулах боломжийг олгожээ.  


Э.Блинкений мэдэгдсэнээр, АНУ “мөргөлдөөнийг зогсооход дэмжлэг үзүүлэхийн тулд” бүс нутгийн болон олон улсын түншүүд, мөн Суданы иргэдийн сонирхлын бүлгүүдтэй уялдаа холбоотой ажиллах бөгөөд гал зогсоох хэлэлцээр болон хүмүүнлэгийн ажиллагааг хянах хороог бий болгоход хувь нэмэр оруулах ажээ.


“Гал зогсоох нь хүмүүнлэгийн гарцуудыг нээх, энгийн иргэдийн аюулгүй бүс, эмнэлгүүдэд хүрэх шилжих хөдөлгөөнийг хөнгөвчилнө” гэж шуурхай хариу арга хэмжээ авах хүчин мэдэгджээ. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газруудыг нүүлгэн шилжүүлэхэд тус дөхөм болох юм.


Хагас цэрэгжсэн уг бүлэглэл гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөхөө амлаад, нөгөө тал “эвлэрлийн гэрээг байнга зөрчиж байгааг” сэрэмжлүүлжээ. 

Холбоотой мэдээ