СЭЛЭНГЭ: Тариаланчид 152.0 мянган га талбайд үр тариа тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-21 11:49:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын дагуу Сэлэнгэ аймаг тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 28.0 мянган га атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх, мөн эргэлтийн талбайг 335.0 мянган га-д хүргэж, усалгаатай тариалалтын хэмжээг 500 га талбайгаар нэмэгдүүлэн тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан ажиллах зорилтыг тавин ажиллаж байна.  


Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 онд 152.0 мянган га талбайд үр тариа, 12.6 мянган га талбайд малын тэжээл, 21.2 мянган га талбайд тосны ургамал тариалж, үр тариа 166.9 мянган тн, малын тэжээл 25.3 мянган тн, тосны ургамал 14.8 мянган тонныг хураан авахаар төлөвлөжээ.  


2022 онд тус аймаг үр тариа 137.8 мянган га талбайд тариалж 184.5 мянган тонн, тосны ургамал 49.7 мянган га талбайд тариалж 21.3 мянган тонн, тэжээлийн ургамал 15.6 мянган га талбайд тариалж 27.0 мянган тонн, бусад үр тариа 7.0 мянган га талбайд тариалж 5.6 мянган тонн ургацыг хураан авсан байна. Энэ нь улсын хэрэгцээт үр тарианы 43.1 хувийг дангаараа үйлдвэрлэж буйг харуулж байгаа юм.


Сэлэнгийн тариаланчид 2023 оны туулай жилийн босгон дээр Улсын аварга тариаланч хамт олон 6, Улсын аварга тариаланч 2, Аймгийн аварга тариаланч хамт олон 5, Аймгийн аварга тариаланч 9 шинээр төрөн гарч, нөр их хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлсэн.


Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Тогтвортой хөдөө аж ахуйн зорилтын хүрээнд олон чухал ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр заасан.


Тодруулбал газар тариалангийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэн, бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээж, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргах. Цаашлаад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, улмаар хүнс экспортлогч улс болох, залуу тариаланчдыг дотоод, гадаадын их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах.


Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй мэргэжлийн бус ажилтныг чадавхжуулах сургалтад тогтмол хамруулах, төгсөгчид цаашид бие даан аж ахуй эрхлэх боломжийг нээж өгөх.


Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудын эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай олгох шийдвэрийг гаргасан нь газар тариалангийн бүс нутгийн иргэдэд таатай мэдээ юм. 

Холбоотой мэдээ