Гурван талын Дээд хэмжээний уулзалт Токиод болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-07 11:31:35

ТОКИО. /TASS/. Японы тал БНХАУ болон БНСУ-ыг оролцуулан Токио хотноо энэ оны 12 дугаар сарын сүүлчээр гурван талын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах сонирхолтой байна гэж Киодо агентлаг мэдээллээ.

Төлөвлөж байгаагаар бол, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нарын оролцох уулзалтын үеэр Солонгосын хойгийн байдал, тухайлбал, Умард Солонгосын тал удаа дараа баллистик пуужин хөөргөж байгаа явдал, түүнчлэн терроризмтой тэмцэх, гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх бололтой.

Дашрамд дурдахад, энэ оны 8 дугаар сард гурван улсын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийхдээ энэ оны сүүлчээр гурван талын уулзалт зохион байгуулах талаар тохиролцсон аж. Түүнээс гадна, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ “ Япон, Хятад, Өмнөд Солонгос нь манай бүс нутгийн хөгжил цэцэглэлт болон аюулгүй байдлыг хангахад томоохон хариуцлага хүлээж байна. Энэ онд багтаан Дээд хэмжээний уулзалт хийнэ хэмээн би найдаж байна” гэж байсан юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард Сөүл хотноо гурван талын Дээд хэмжээний уулзалт болж байв.

Х.Сарнай   

Холбоотой мэдээ