ХӨВСГӨЛ: "Говь" ХК "Тогтвортой ноолуур" төслийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-21 09:28:56

Мөрөн  /МОНЦАМЭ/.  "Говь" ХК Хөвсгөл аймгийн Их-Уул суманд малын удмын санг сайжруулж, түүхий эдийг  чанаржуулах, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэн тогтвортой түүхий эдийг бэлтгэн нийлүүлж, олон улсын зах зээлд чанартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах зорилготой гурван талт хамтарсан "Тогтвортой ноолуур" төслийг хэрэгжүүлж байна.

Тус төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Их-Уул сумын Асгат, Шивээ, Их-Уул, Сэлэнгэ багийн 42 өрх хамрагдаж  байна.


Төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нартай хамтран малчдын ямааны үржил селекцийг сайжруулахаар Төмөрбулагийн Эрчим омгийн ухныг нийлүүлж, малын хашаа саравчийг ариутган эрүүл мэндэд нь анхаарч ирсэн байна.

"Говь" ХК-ийн хамт олон төсөлд хамрагдсан малчдын ноолуурыг Их-Уул суманд очиж газар дээр нь худалдан авч байна. Тус аймагт нэг килограмм ноолуур 134000 төгрөгийн үнэтэй байгаа бол "Говь" ХК кг тутам 2000 төгрөг нэмж 136000 төгрөгөөр худалдан авч байна.

“Тогтвортой ноолуур” төслийн үр дүнд  малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, чанартай стандартын ноолуурыг нийлүүлэхэд судалгааны байгууллага малчидтай хамтран мэдээлэл арга зүйгээр ханган ажиллаж байгаа аж.

Цаашид малыг эрүүл байлган чанаржуулснаар ноолуурын гарцыг нэмэгдүүлэн, чанар  сайжирч, малчдын орлого нэмэгдэж  улмаар чанартай түүхий эдээр олон улсын зах зээл дээр эрэлт ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ