СЭЛЭНГЭ: Нэг га талбайд өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-20 11:29:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг төмс, хүнсний ногоо тариаланчдын зөвлөгөөнийг энэ сарын 18-ны өдөр анх удаа зохион байгууллаа. 

Энэ удаагийн зөвлөгөөнөөр төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалан эрхлэгчдэд төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулж, 2022 оны алдаа оноо, үр дүнгээ хэлэлцлээ.

Мөн 2023 оны тариалалтын төлөвлөгөөтэй уялдуулан хаврын тариалалтыг зохион байгуулах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох зэрэг олон чиглэлд үр дүнтэй мэдээллүүдийг өглөө.


Сэлэнгэ аймаг 2023 онд 2.1 мянган га талбайгаас 25.2 мянган тонн төмс, 3.6 мянган га талбайгаас 45.5 мянган тонн хүнсний ногоо, 1.1 мянган га талбайгаас 400 тонн жимс жимсгэнэ хураан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Монгол Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд тус аймаг тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Тухайлбал  хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, 1 га талбайд өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулна.

-Мөн стандартын шаардлага хангасан төмс, хүнсний ногооны агуулах, зоорийн багтаамжийг 12.0 мянган тонноор нэмэгдүүлнэ.

-Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд агро ойн аж ахуйг байгуулж, жимс жимсгэнийн тарьц суулгац нийлүүлэгч аймаг болох зорилтуудыг тавин ажиллаж байна.


Сэлэнгэ аймаг 2022 онд 2.1 мянган га талбайгаас 27.0 мянган тонн төмс, 3.6 мянган га талбайгаас 47.1 мянган тонн хүнсний ногоо хураан авсан. Энэ нь улсын нийт төмсний 13.9 хувь, хүнсний ногооны 38.2 хувь болж байгаа юм.


“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Тогтвортой хөдөө аж ахуйн зорилтод Хөдөө аж ахуйн салбарыг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөртэй, тогтвортой үйлдвэрлэлтэй, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэнэ гэж заасан.


Иймээс Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэн, бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах.


Цаашид хүнс экспортлогч улс болох, залуу тариаланчдыг дотоод, гадаадын их дээд сургуульд суралцахад үе шаттайгаар дэмжлэг үзүүлэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудын эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай олгох шийдвэрийг гаргасан зэрэг нь ногоочдын хөдөлмөрлөх урам зоригийг нэмэгдүүлж өглөө хэмээн тэд ярьж байв.

 

Холбоотой мэдээ