Төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб” үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус клубийн гишүүд, дэмжигчид энэхүү ойг угтах олон үр өгөөжтэй ажил төлөвлөн хэрэгжүүлж байна.
Ойн арга хэмжээний хүрээнд клубийн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу 4 дүгээр сарын 13-ны өдөр “Өнөр бүл” хүүхдийн төвийн чөлөөт бөхийн дугуйлангийн заалыг тохижуулах, “Аутизмын хүрээний эмгэг” сэдэвт гарын авлагыг эцэг, эхчүүдэд зориулан 500 ширхэг хэвлүүлэх, Хэнтий аймгийн Баянхутаг сумын эрүүл мэндийн төвийн эхчүүдийн төрөх өрөө болон хүүхдийн өрөөг эрүүл ахуйн стандартын дагуу тохижуулах төслүүдийн санхүүжилтэд тус бүр 5 сая төгрөг хандивлах болсон батламжийг дээрх байгууллагын удирдлагад гардуулах ёслол Гадаад харилцааны яаманд болов.
Энэхүү хандивыг тус клубээс жил бүрийн намар зохион явуулдаг, “Сайн санааны үйлс-2022” олон улсын өдөрлөгт оролцсон Австрали, Америк, Беларусь, Вьетнам, Итали, Казахстан, Лаос, Орос, Өмнөд Солонгос, Турк, Хятад, Энэтхэг, Эстони, Япон Улсын ЭСЯ-д болон Монако, Нидерланд, Филиппиний Өргөмжит Консулын газрууд манай нийгмийн эмзэг бүлэгт, нэн ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор цуглуулсан юм.