Их Британи Улстай агаарын харилцааны гэрээ байгуулснаар шууд нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-14 08:15:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас агаарын тээврийн либералчлалыг тэлэх хүрээнд 2023-2024 онд дэлхийн агаарын тээврийн гол бүсүүд рүү шууд нислэг үйлдэх шат дараатай ажлыг эхлүүлж, 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөөд байна. 


Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Ерөнхий сайдын худалдааны элч Даниел Кочинский, Элчин сайд Филип Малонтой уулзаж, агаарын тээвэр, төмөр зам, авто замын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.


Сайд С.Бямбацогт ИБУИНХУ-ын Засгийн газраас Монгол Улстай эдийн засгийн чиглэлд онцгой анхаарч, Ерөнхий сайдын Худалдааны төлөөлөгчийг тусгайлан илгээж, гуравдагч хөрш болсон улсыг Монгол Улстай худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэхэд анхаарч байгаад талархлаа илэрхийлээд, цаашид хамтын ажиллагааг тэлэх хүсэлтэй байна гэсэн юм. 

ТэрбээрМонгол Улс гуравдагч оронтой харилцахад тээврийн салбар чухал үүрэгтэй. Тиймээс агаарын харилцааны хэлэлцээр байгуулахад анхаарч, шууд нислэгийн тоог нэмж байна. Манай хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд ирэх сарын 24-26-нд ХБНГУ-ын Лайпциг хотноо болох Олон улсын тээврийн форумд оролцох үеэрээ гарын үсэг зурах боломжтой гэж төлөвлөж байгаа. Энэ саналыг уламжилж өгч дэмжихийг хүсье.


Мөн нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлд Засгийн газраас анхаарч, Шинэ сэргэлтийн бодлогодоо тусган, “Туул хурдны зам” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж, тус авто замыг Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны авто замтай холбох замын байгууламжийг богино хугацаанд барина. Мөн Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг сэргээн босгох “Шинэ Хархорум” төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар эхлүүлж, УИХ-аас шийдвэрүүд гаргаж байна. Хархорумыг нийслэлтэй холбох хурдны төмөр зам барих ТЭЗҮ, зураг төслийг гүйцэтгэхэд хамтран ажиллах саналтай байгаа” гэв.


Их Британийн талаас хоёр улсын худалдаа, эдийн засаг, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэд бүтцийн томоохон төслүүдэд холбогдох албаныхантай хамтран ажиллахаар тохирсныг ЗТХЯ мэдээллээ.  


Монгол Улс төмөр замын салбартаа Их Британийн дэвшилтэт техник технологи, ноү-хау-г нэвтрүүлсэн туршлага бий. Тодруулбал, Их Британийн төмөр замын төмөр бетон дэрний бэхэлгээ үйлдвэрлэгч “Пандрол” компани, бетон дэр үйлдвэрлэгч “RM&S” компанийн бүтээгдэхүүнийг Монголд шинээр барьсан төмөр замд ашиглажээ. Бэхэлгээний технологи нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой, чанарын шаардлагад нийцсэн. Цаашид баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр зам барих, хуучин төмөр замыг шинэчлэн сайжруулах төслүүдэд дэр бетон, бэхэлгээний хэрэгцээ шаардлага гарах тул хамтран ажиллах санал хүргүүлжээ.


Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар 1997 оноос агаарын тээврийн харилцаагаа нэмэх чиглэлээр хамтран ажилласаар иржээ.


Тухайлбал,

1. Хоёр орны Иргэний нисэхийн байгууллагууд 1997 онд Харилцан ойлголцлын санамж байгуулсан. Уг санамж бичгээр “Монголын талд долоо хоногт 2 удаагийн давтамжтай хуваарьт нислэг гүйцэтгэх, Москва, Берлингийн чиглэлд агаарын тээврийн 5 дугаар эрх олгох, “МИАТ” ХК-ийг Улаанбаатар-Лондонгийн чиглэлд нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилох” шийдвэр, эрх зүйн зохицуулалт хийв. Гэсэн ч МИАТ компани агаарын хөлгийн хүрэлцээ муу, Европын чиглэлийн нислэгийн зах зээлд зорчигч урсгал бүрдээгүйтэй холбоотойгоор Берлин Лондонгийн чиглэлд нислэг гүйцэтгээгүй.


2. Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг 2000 онд байгуулж, хоёр талаас томилогдсан агаарын тээврийн компаниуд нь Улаанбаатар, Лондон хотуудын хооронд хуваарьт нислэг гүйцэтгэхээр тохирсон.


3. Улаанбаатар хотноо 2009 онд хийсэн Засгийн газар хоорондын уулзалт, хэлэлцээгээр нислэгийн цэгийг нэмж Берлин, Франкфурт, Мюнхен болон нэмэх нэг цэг байхаар, дээр дурдсан цэгүүдээс хилийн чанад дахь Лондон, Парис, Прага, дундын цэг Москва, Прагаас агаарын тээврийн тавдугаар эрхийг эдлэх зөвшөөрлийг олгохоор тохиролцсон.


4. Хоёр талын иргэний агаарын тээврийн байгууллагуудын төлөөлөл 2012, 2013 онд дахин албан ёсны уулзалт хийж, 1997 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Монголын талд Москва, Берлинээр дамжин Лондонгийн чиглэлд агаарын тээврийн 5 дугаар эрх буюу код-шейр олгосон асуудлыг бататгажээ. 


Холбоотой мэдээ