Орхон голд алт олборлодог компаниудын үйл ажиллагааг зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-09-06 14:42:36

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон УУЯ, МХЕГ-ын хамтарсан баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажилласан талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Орхон голын эхэнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин, олборлолт явуулж буй “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” зэрэг компани лиценз эзэмшиж, гэрээлэгч 16 компаниар олборлолт хийлгэдэг аж. Эдгээр компанийн 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримт бүрдүүлээгүй, лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрийг улсын төсөвт байршуулаагүй, ус бохирдуулахгүйн тулд далан хаалтыг мэргэжлийн түвшинд барьж байгуулаагүй байна.

Иймээс хууль зөрчиж буй дээрх компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Найман аймгийн 53 сумын нутгийг дайран өнгөрдөг Орхон голын эхэнд уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүд хууль дүрмийг биелүүлэлгүй, хариуцлагагүй уул уурхайн үйлдвэрлэл явуулсан нь гол ус бохирдох шалтгаан болжээ.

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг хэрэгжүүлэхэд Архангай, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь хяналт тавин ажиллаж байгаа аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ