НҮБ-ын ХХАА-н байгууллага “Биокомбинат”-ыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын биобэлдмэлийн “Биокомбинат”
үйлдвэр
жилд шингэн, хуурай нийт 40 гаруй сая тун вакцин, мөн 40 гаруй төрлийн эм,
биобэлдмэл, вакцин, оношлуур үйлдвэрлэж байна. Энэ жил импортыг орлох, малын
гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, эм, биобэлдмэл, оношлуур
үйлдвэрлэж, 8.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөжээ. Энэ талаар “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энх-Амар НҮБ-ын
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа болон ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарт танилцууллаа.
Дээрх албаны төлөөлөл “Биокомбинат”
үйлдвэр болон Малын эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын
лабораторийн үйл ажиллагаатай танилцсан
юм.
Суурин төлөөлөгч Винод Ахужагийн хувьд тус үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай анх удаа танилцаж байна. Энэ үеэр тэрбээр үйлдвэрийн технологийн шинэчлэл хийхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас ямар тусламж, дэмжлэг үзүүлэх боломжтой талаар санал солилцсон юм.
“Биокомбинат” үйлдвэр чамгүй амжилттай ажиллаж, улсынхаа хэрэгцээг хангаж байгаа ч
техник технологийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлага тулгараад байгаа юм. Тодруулбал, 1973 онд Унгар улсын техник туслалцааны
шугамаар барьж байгуулснаас хойш шинэчлэл хийгдээгүй иржээ.
Тиймээс уулзалтын үеэр Суурин төлөөлөгч Винод Ахужад ойрын
хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хоёр төслийг танилцуулж, үйлдвэрийн
технологийг үе шаттай шинэчлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Малын эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын
лабораторийн хувьд
Монгол Улсад үйлдвэрлэж, импортолж, шинээр зохион бүтээж буй мал амьтны гоц
халдварт, халдварт, паразиттах болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчлэх,
оношлох эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг
баталгаажуулдаг. Үүнд:
- Хими,
биологи, вирусологи, бактериологи, паразитологийн сорилт шинжилгээг гүйцэтгэж,
- Сорилтын дүн
- Баталгаажуулалтын дүгнэлт
- Тохирлын гэрчилгээ олгодог эрх бүхий байгууллага юм.