ХӨВСГӨЛ: Ойгоос мод, үр, мөчир бэлтгэхийг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-11 14:21:46

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шуурхай штабын хуралдаан болж, ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй үе эхэлсэнтэй холбогдуулан ойгоос мод бэлтгэх, ойн цэвэрлэгээ, арчилгаа хийх, үр, мөчир бэлтгэхийг 6 дугаар сарын 10 хүртэл түр зогсоолоо. Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахаар болов.


Хуурайшилтын түвшин өндөр байгаа газруудад эргүүл хяналт, шалгалт хийх, байнгын ажиллагаатай пост гаргах, түймэр гарсан үед хүн хүч, техник хэрэгслийг дайчлан шуурхай унтраах, шаардагдах зардал, багаж хэрэгсэл, хүнсний нөөцийг хангах, мэдээллийг шуурхай дамжуулах хариуцлагатай жижүүр ажиллуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Хөвсгөл аймагт он гарсаар Чандмань-Өндөр, Түнэл, Алаг-Эрдэнэ гэсэн 3 суманд ой хээрийн түймэр, объектын гал түймрийн 33  тохиолдол бүртгэгдсэний 16  нь Мөрөн суманд бүртгэгджээ.

 

Холбоотой мэдээ