Афганистаны нийслэлд гурван удаа дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-06 11:02:03

КАБУЛ. /VOA/. Афганистаны БХЯ-ны байрны ойролцоо гурван удаа дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 30 хүн амь үрэгдэж, 91 хүн шархаджээ. Эдгээр халдлагуудын хариуцлагыг лалын босогчдын “Талибан” хөдөлгөөн өөртөө хүлээсэн байна.

Даваа гарагт нийслэл Кабул хотод тус яамны барилгын ойролцоо замын хажууд булж нуусан тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Эхний дэлбэрэлт болсон газарт цагдаа нар болон иргэд цугласны дараа амиа золиослогч этгээд хоёр дахь дэлбэрэлтийг үйлдсэн байна. Харин гурав дахь дэлбэрэлт нь хэдхэн цагийн дараа буюу даваа гарагийн орой болжээ.

Тус улсын ЭМЯ-наас мэдэгдсэнээр, хохирогчдын дотор цагдаа болон цэргийн дээд албан тушаалтнууд байна.

АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчний ихэнх хэсэг 2014 онд Афганистанаас гарснаас хойш “Талибан” хөдөлгөөний үйлдэж буй халдлага дэлбэрэлт улам ширүүссэн юм.

Афганистан дахь АНУ болон НАТО-гийн хүчний командлагч, генерал Жон Николсон өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ "өнгөрсөн долдугаар сард л гэхэд Афганистаны 900 гаруй цагдаагийн болон цэргийн албан хаагчид амиа алдсан" гэлээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ