3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг олон улсад улс орноо сурталчилж байгааг тэмдэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-08 10:07:35
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд гаргаж байгаад Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргэлээ.


Тэрбээр өөрсдийн хичээл зүтгэлээр 3х3 сагсан бөмбөгийн төрлийг улс орондоо хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд бие даан амжилттай оролцож байдагт талархал илэрхийлээд, Гадаад харилцааны яамны зүгээс тус баг бүрэлдэхүүнтэй байнгын холбоотой ажилладаг, цаашид ч дэмжиж, хамтран ажиллах болно гэлээ.


Баг тамирчдын хувьд спортын энэхүү төрлөөр шинэ дээд амжилтуудыг гаргаж, хүүхэд багачуудыг зөв хүмүүжил, төлөвшил олгоход чиглүүлж, үлгэр дууриал болж байгаагийн зэрэгцээ олон улсын тавцанд улс орноо сурталчлан таниулах, зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэхэд спортын амжилтаараа дамжуулан бодитой хувь нэмэр оруулж байгаа гэдгийг сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэлээ.



Холбоотой мэдээ