“Нөхөрлөлийн хөгжил наадам” Дорнод аймгийн Баян-Уул суманд нээлтээ хийв.
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнөөдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын төвд “Нөхөрлөлийн хөгжил наадам” нээлтээ хийв.
Тус сумын болон Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ, ЗДТГ, НҮБХХ-ийн “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ”, “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь”, “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслүүдийн хүрээнд энэхүү наадам, өдөрлөгийг хамтран зохион байгуулж байгаа юм.
Наадамд Дорнод, Хэнтий аймгийн ЗДТГ, БОАЖГ, УЦУОШГ, ОБЕГ, ТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, 10 сумын ЗДТГ, нөхөрлөлүүд, хоршоо, аж ахуйн нэгжүүд, БОНХАЖЯ, НҮБХХ, төслүүд зэрэг 10 сумын 200 гаруй төлөөлөгчид ирж оролцож байна. Сумын төвийн Соёлын төвд эхэлсэн тус наадмыг нээж Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга, “Түмэнхаан-Шалз” ОНТХГ-ын менежментын зөвлөлийн дарга Ж.Дорж нээж оролцогчдод талархал илэрхийлж, орон нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн хамтын ажиллагаанд нь амжилт хүссэн юм.
Энэ удаагийн наадам, өдөрлөгт Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч болон НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биати Транкман хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр, Жил бүр зохион байгуулдаг “Нөхөрлөлийн хөгжил наадам”-д оролцож байгаадаа баяртай байна. Энэ наадамд зүүн бүсийн Хэнтий, Дорнод аймгийн сумдын орон нутгийн төлөөлөл, нөхөрлөлийн гишүүд, засаг захиргааны төлөөлөгчид болон алс баруун хязгаарын Увс аймгийн сумдаас төлөөлөл ирж оролцож туршлага солилцохоор ирсэн байгаад таатай байна. Мөн НҮБХХ-ийн төслийн төлөөлөгчид ирсэн. Энэ наадмаас туршлагаа харилцан солилцох, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх маш том боломж гэж ойлгож байна. Энэ нутаг бол дэлхийд томд орох тал хээр нутаг, мөн цагаан зээрийн сүрэглэн нутагладаг өлгий болсон байгалийн үзэсгэлэнт газар нутаг юм. Долоо хоногийн өмнөхөн Дэлхийн 193 орны удирдагчид 2015 оны есдүгээр сарын 25-нд 2030 он хүртэлх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болох тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан. Тогтвортой хөгжлийн 17 зорилго нь хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтөнг тайван амгалан, баян чинээлэг эрх тэгш амьдрах боломжоор хангах даян дэлхийн уриалга юм гэдгийг онцлон тэмдэглэв.
Наадмын дараагийн арга хэмжээ бол “Байгалийн нөөцийн менежмент-нөхөрлөлүүдийн оролцоо” сэдвээр нэлттэй хэлэлцүүлэг явуулсан юм. Мөн энэ үеэр “Намрын ногоон өдрүүд-2015” өдөрлөг болж Хэнтий аймгийн нөхөрлөлүүдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, хийж бүтээсэн гар урлалын болон бусад бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шилдэг нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг тодруулах юм. Өдөрлөг урлаг соёл, спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулан үргэлжилэн явагдаж байна.
Дорнод аймаг Баян-Уул сумаас Д.Өлзий
Сэтгэгдлүүд