СҮХБААТАР: Түвшинширээ сум хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэггүй сум болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Түвшинширээ сум 1004 өрхийн 3460 хүн амтай. Үүний 1340
нь буюу нийт хүн амын 40 гаруй хувь нь хүүхэд. Сүхбаатар аймаг 2023 оныг
Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласантай холбоотойгоор тус сум энэ
оноос эхлэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэггүй сум болох зорилтыг
тавьжээ.
Энэ хүрээнд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан багууд өнгөрсөн онд хийсэн ажил болоод цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Түвшинширээ суманд байнгын асаргаатай тав, бүтэн өнчин нэг, эрсдэлд нөхцөлд амьдарч буй 98, хөгжлийн бэрхшээлтэй 11 хүүхэд байна. Тиймээс нэн тэргүүн эдгээр хүүхдүүдийг төр анхааралдаа авч, зохих ажил, арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн сумынхаа хүүхдийн чуулганыг хийж, тэднээс гарсан санал хүсэлтэд тулгуурлан хийх ажлаа эрэмбэлсэн тухай сумын Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Я.Анхтулга хэллээ.
Тодруулбал, 2023 онд
улс, аймаг, сум орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 13 ажлыг хийхээр эрэмбэлсэн
байна. Үүнд, улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий дотуур байрны
шинэ барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулах, хүүхэд залуучуудын спорт
тоглоомын талбай барих, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ус цэвэршүүлэгч
суурилуулах, сумын хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл өндөр байгаа учир орон
нутагтаа шүдний кабинет байгуулах, нийтийн халуун ус барих, гадна камер
гэрэлтүүлгийг засаж, сайжруулах зэрэг ажлууд хийгдэнэ.
Сумын хамтарсан баг
өнгөрсөн онд 21 өрхийн 38 хүүхдийг гэрээр нь эргэж, зөвлөн туслах үйлчилгээ
үзүүлж, зорилтот бүлгийн хүүхдүүдэд эд материалын болон хүнсний дэмжлэг
үзүүлжээ. Мөн охидын нэг жирэмслэлт бүртгэгдсэнийг холбогдох байгууллагад
шалгуулахаар хандсан байна. Харин 2023 он гарсаар гэр бүлийн хүчирхийлэлтэй
холбоотой нэг тохиолдол дээр ажиллаж байгаа аж.