ДОРНОГОВЬ: Догшин хутагтын ерөөлтэй Далай Сайншанд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-04 08:43:53

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хөгжил дэвшилд арилшгүй мөрөө үлдээсэн түүхэн дурсгалт газрын сонин сайхнаас хүргэж байна. Дорноговь аймаг 92 жилийн өмнө буюу 1931 онд анх байгуулагдахдаа одоогийн Сайншандад тулгын чулуугаа тавьж байжээ.


Эртний эрдэмт мэргэдүүд газар орныг шинжихдээ тухайн орчны гойд онцлог сайхныг танин мэдэж их үйл хэргийн шанг нь татаж байсан жишээ олон юм. Говийн Догшин Ноён хутагт Данзанравжаа өөрийн шавь нарын хамт өнөөгийн Сайншандын  баруун этгээдэд заларч явжээ. Хошуу хутагтын адуун сүрэг одоогийн Сайншандын баруун хойд дүүрэгт байсан Далай Сайншандаас ундаалдаг байв.


Ноён хутагт Сайн-Усны зүүн урд дахь захын өндөр довон дээрээс /хуучин холбоо байсан дэнж/ хараад мөн ч олон амьтан ундлан амьдрах далайн сав шинжтэй, есийн тоо хэлбэртэй газар байна гэснээ, нам бэлээсээ ямар байх нь вэ хэмээн явж, хүүхдийн больниц байсан байшингийн зүүн урд дахь хадан дээрээс мөн л хараа сунгаж, ирээдүйд орд хүрээ байгуулж, олон хэлийн амьтан тэгш жаргах газар юм гэжээ.


Ингээд хойчийн түвшин жаргалыг нь тогтоох газартай болгож өгье гээд “Равнай” /амь оруулах гэсэн утгатай төвөд үг/ өргөсөн гэдэг. Тэгээд худгийн нэрийг Далай Сайншанд, баруун хойд хөтлийг Шамбалын үүд, баруун урд дахь уулыг Эрдэнийн хаалга гэж бэлгэдэн нэрлэжээ.


Энэ түүхийг одоогоос 25 жилийн өмнө Чойлингийн хурлын гороонд төрж өсөөд 1937 он хүртэл тэнд амьдарсан Ц.Балдансамбуу гэх өндөр настнаас зохиолч, яруу найрагч, судлаач Мээрэн овогт Дамдиндоржийн Баатар гуай тэмдэглэн авч “Оршихуйн цаглашгүй мандал” номдоо буулгасан байна. Харин Далайсайншандын баруун хөтлийг Далайн хөтөл хэмээн нэрлэдэг аж.


Учир нь Ноён хутагт хөтлийн эхэнд дэр олбогоо тавьж суугаад Салан цавчиг уншлагаа айлдсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Одоо тэр газарт нь тэмдэгт нэгэн чулуу буй гэнэ. Тийм ч учраас өөд бологсдыг Далай хөтлөөр эцсийн замд үдэхдээ сайн төрөлд нь мордууллаа гэж хүмүүс сүсэглэдэг ажгуу.

Гэрэл зургийг Ш.Энхбаяр.



Холбоотой мэдээ