ДУНДГОВЬ: Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн багш нарыг багаар нь урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-31 16:06:56
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, БШУГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж, 19 сургуулийн 170 багш оролцжээ.

Сургалтыг Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Улаанбаатар хотын Оюунлаг сургууль, Шинэ эрин дээд сургуулийн багш нар болон ахмад багш С.Чимэд нар удирдан явуулсан ба монгол хэл, математик, англи хэл, физик зэрэг хичээлүүдээр багш нарын онолын мэдлэгийг дээшлүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтад хүүхдүүдээ бэлтгэх ур чадвар олгох зорилготой юм.  


May be an image of 7 people, people standing and indoor

Дундговь аймаг Глобал удирдагч дээд сургууль, Улаанбаатар хотын Оюунлаг сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, төрийн алба, боловсрол, соёл, эрүүл мэнд, эрдэм шинжилгээний болон бусад салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын чанар, дундаж онооны үзүүлэлтийг дээшлүүлэх, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах, олон улсын хөтөлбөрүүдийн талаар туршлага судлах зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж буй.  

Түүнчлэн тус аймаг 2023 оны “Бооловсролын чанар, стандартыг дэмжих жил” болгон зарлаж, “”Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх зорилт, дэд хөтөлбөрийн хүрээнд “Сайн багш”, “Сайн цэцэрлэг” аяныг хэрэгжүүлж, Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн багш нарыг багаар нь урамшуулах журмыг баталжээ.

2021-2022 оны хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үзүүлэлтээр Дундговь аймаг 21 аймаг, Улаанбаатар болон Багануур дүүргээс 18 дугаарт жагсаж, өмнөх жилийн үзүүлэлтээс 7 байраар ухарсан тул боловсролын чанарт анхаарч, хүүхдийн амралтын үеэр багш нараа ийнхүү чадавхжуулсан байна. 


May be an image of 14 people, people standing, people sitting and indoor

Холбоотой мэдээ