БАЯНХОНГОР: Эмчийн дүрийг мөнхөлсөн гэрэлт хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-31 09:10:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан уншигчдадаа Баянхонгор аймагт эмчийн дүр бүхий цор ганц хөшөө байдгийг танилцуулъя. Бага эмч Цогтын Магсарын алдар гавьяаг мөнхөлсөн гэрэлт хөшөө аймгийн Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасгийн өмнө, төв зам дагуух цэцэрлэгт хүрээлэнд байдаг. Ц.Магсар нь тахал туссан хүмүүсийг эмчлэх явцдаа өөрөө өвчилж, эцсийн амьсгал хураатлаа 40 гаруй хүнийг тарваган тахлаас ангижруулаад насан эцэслэсэн түүхтэй эмч юм.

Эмчийн халадтай, энгэртээ бага насны хүүхэд тэвэрсэн байдалтайгаар урласан тус хөшөө аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаанд байсныг ийн зөөж олонд харагдахаар байрлуулсан нь 2019 он юм.


Цогтын Магсар нь 1939 онд Архангай аймгийн сувилагчийн курс төгсөж нутагтаа ирж ажиллаж байх хугацаандаа 1943 оны есдүгээр сард тус сумын Нэгдүгээр багийн нутаг Рашаант гэдэг газар гарсан тарваган тахал өвчнөөс элэг нэгт ахан дүүсээ аврахын төлөө эмч хүний эрхэм үүргээ биелүүлээд насан эцэслэжээ.


Түүний алдар нэрийг мөнхжүүлэн 1960 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Баянхонгор аймгийн Нэгдсэн больницыг эх оронч, цогтой тэмцэгч Цогтын Магсарын нэрэмжит болгосон түүхтэй.


Ц.Магсар нь 1893 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төржээ. 1938 онд Баянбулаг сумын эмнэлэгт сувилагчаар томилогдон ажиллаж эхэлснээр нутгийн иргэд түүнийг доктор Магсар хэмээн дуудах болсон гэдэг.


Хуучнаар ЗХУ-ын тарваган тахал эсэргүүцэх төв станцын дарга Л.С.Соболева 1943 онд болсон тарваган тахал судлалын анхдугаар зөвлөгөөнд илтгэл тавихдаа Ц.Магсар агсны эр зориг хийгээд аймшигт тахалтай тэмцсэн баатарлаг үйл хэргийг өндөр үнэлэхийг хүсэхэд зөвлөгөөнд оролцогсод түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн босож хэдэн хором гашуудал илэрхийлж байжээ.

Холбоотой мэдээ