ОРХОН: ЕСБХБ-ны суурин төлөөлөгч Ханнес А Такач Орхон аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр /МОНЦАМЭ/. УИХ-ын
гишүүн Д.Батлутын урилгаар Европын Сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны суурин төлөөлөгч
Ханнес А Такач, дэс банкир А.Үржинбадам, ЖДҮ-ийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн
тэргүүлэх менежер С.Байгальмаа нар Орхон аймагт ажиллалаа.
ЕСБХБ нь Орхон
аймагтай 2018 оноос “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-г боловсруулсан юм. Учир нь Орхон аймаг баруун, баруун урд
талаасаа Хангайн нуруу, хойд тал зүүн хойд талаасаа Бүтээлийн нуруун хэсэгт
оршдог тул газарзүйн энэ байрлалаасаа болж үе үе үерт автах эрсдэлд хүрдэг юм.
2012 оны 7 дугаар
сард болсон гэнэтийн үерийн улмаас 2 хүний амь эрсдэж 8.7 тэрбум төгрөгийн
хохирол учирч Баян-Өндөр сум үерийн зэрэглэлээрээ 3.2 буюу их эрсдэлтэйд багтаж
нийт 8 баг усанд автсан юм. Иймд ЕСБХБ-тай хамтран гамшигт тэсвэртэй хот
төслийг хэрэгжүүлж 2020 онд төслийн гэрээг байгуулсан. Уг төслийн хүрээнд ЕСБХБ-аас
14 сая ам. долларын санхүүжилт авахаас 7 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, 7
сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээл юм.
Уг ажлын явц болон УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилгаар хэрэгжүүлж буй “Шар хөтлийн зам”-ын ТЭЗҮ боловсруулалт гэсэн асуудлаар ЕСБХБ, Орхон аймгийн удирдлагууд уулзлаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут, “Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт хатуу хучилттай авто зам төсөл”-ийг санхүүжүүлэх хүсэлтийг ЕСБХБ–д уламжилсан. Энэ асуудлаар бид 3 удаа уулзсан. Үр дүнд нь уг замын ажлыг санхүүжүүлэх боломжтой гэсэн хариу өгсөнд талархаж байна. Шар хөтлийн замыг баривал Улаанбаатараас Эрдэнэт хүртэлх 380 км-ийн зайг 92.28 км хэмнэх боломжтой юм. Ингэснээр 4 аймгийн 12 сумын иргэдэд эдийн засгийн таатай боломж нээгдэнэ.
ЕСБХБ-ны суурин төлөөлөгч Ханнес А Такач, Би Эрдэнэт хотод анх удаа ирж байна. Европын холбоо, ЕСБХБ нь тухайн бүс нутгийн эдийн засгийг чадавхжуулах, бизнес эрхлэгчдийг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон төсөл хэрэгжүүлдэг. Мөн арилжааны банкаар дамжуулан Ногоон зээлийн санхүүжилт олгодог. Бид бодлогын түвшинд тухайн бүс нутгийн иргэдийг дэмжиж ажилладаг. Үүний хүрээнд танай аймагт 14 сая ам.долларын санхүүжилт хийхээр гэрээ зурагдсан. Цаашид олон чиглэлд хамтран ажиллана.
Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Орхон аймагт хэрэгжиж байгаа үерийн далан байгуулах ажлын төсөлд хамтарч байгаад дахин талархлаа илэрхийлье. Төслийн хүрээнд хоёр хөтөлбөр хэрэгжлүүлж байна. Нэгд, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээг “МонКонсалт” ХХК, Хоёрт, Компанийн хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхөөр “БДО” гээд Румын Улсын компани “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК дээр ажиллаж байна. Эдгээр компаниудтай Орхон аймаг 2021 оны 11 дүгээр сарын 30-нд Зөвлөхийн гэрээ байгуулсан. “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл усан хангамж, үерийн эрсдийн менежментийг сайжруулахад чиглэж байгаа. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа.
Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Өнөөдрийн
уулзалтад ЕСБХБ-аас ЖДҮ хариуцсан менежер хүрэлцэн ирсэн учир аймгийнаа бизнес
эрхлэгчдийг талаар санал солилцъё. Орхон аймагт 5612 аж ахуйн нэгж бүртгэлтэй ч
2121 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны байдлаар Орхон аймаг 3.1 их
наяд ДНБ үйдвэрлэсэн. Нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь уул уурхай, 1 хувь
ХАА, 9 хувь нь үйлчилгээний салбарт байна. Тэгэхээр Орхон аймгийн эдийн засгийг
“солонгоруулах”-ын тулд идэвхгүй байгаа аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ болон
эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Үүнд хамтран ажиллах боломж хэр байгаа вэ?
ЕСБХБ-ны ЖДҮ-ийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн
тэргүүлэх менежер С.Байгальмаа, Бид танай аймгийн 20
гаруй аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Мөн “Эмэгтэй бизнес
эрхлэгчдийг дэмжих” төсөл хэрэгжүүлдэг. Бид нэг ажуйн нэгжид 3-6 сарын хугацаатай зөвлөх үйлчилгээ үзүүлж компанийн
засаглал, стратеги төлөвлөгөө, хүний нөөцийн менежментийн чиглэлд зөвлөж
ажилладаг. Бизнес эрхлэгчид өөрсдөө мэдээлэлтэй байж өөрийн мэдлэгтээ хөрөнгө
оруулж сурах хэрэгтэй. Сайн төлөвлөгөө бизнесийг хөгжүүлдэг. Харин зээл,
тусламж тухайн асуудлыг түр зуур л шийдэж байдгийг бичил бизнес эрхлэгчид
төдийлөн мэддэггүй. Иймд манай байууллагаас “Багц зөвлөх үйлчилгээ”-г үзүүлэхэд
татгалзах зүйлгүй.
Дээрх уулзалт Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд
боллоо. Уулзалтаас хоёр тал харилцан мэдээлэл солилцож нэгд, жижиг, дунд, бичил
бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, тэднийг чадавхжуулах, хоёрдугаарт, Шар
хөтөл, үерийн далан барих гэсэн томоохон ажлын явцын талаар мэдээлэл солилцох, гуравдугаарт, ногоон зээл болон тогтвортой хөгжлийн
чиглэлээр иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд анхаарах нь зүйтэй гэсэн
дүгнэлт хийснээр уулзалт дууслаа.