СЭЛЭНГЭ: Г.Цэнгэлзаяа: Бид тэрбум модыг ногоон эдийн засаг, ногоон зах зээл, ногоон ажлын байр гэж харж байгаа
ТЭРБУМ МОД
Сүхбаатар/МОНЦАМЭ/.Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Тэрбум мод үндэсний хөтөлбөр
Сэлэнгэ аймагт хэрхэн хэрэгжиж, ямар ажил арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлж
байгаа талаар Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяатай
хөөрөлдлөө.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд
Сэлэнгэ аймагт ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
-Сэлэнгэ аймгийн
хэмжээнд тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг нэлээд бодитой, дорвитой зүйл хийж
хэрэгжүүлэхээр төлөвлөөд, үндсэндээ 3 том зорилт дор тулгуурлан ажиллаж байна.
Нэгдүгээрт одоо
байгаа доройтсон ойгоо нөхөн сэргээнэ. Энд ууландаа, ойн сангийн талбайдаа ойжуулалт
хийнэ гэсэн үг.
2-рт цөлжилт,
элсний нүүдлээс хамгаалсан ойн зурвасыг байгуулна. Сэлэнгэ аймаг 2019-2021
онуудад цөлжилтийн судалгаагаа хийсэн. Ингэхэд аймгийн нийт газар нутгийн 69.6
хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөж газрын доройтолд орсон гэсэн
судалгаа гарсан. Үүний 19 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртсөн байгаа. Иймээс бид
үүнээс хамгаалсан ойн зурвасыг авто болон төмөр замын дагуу, цөлжилт ихээр явагдсан
газруудад хийхээр төлөвлөсөн. Мөн энд голын ай савыг хамгаалах зорилгоор аймгийн
хэмжээнд голын эрэг орчмыг бургасжуулах ажлыг хийнэ.
3-рт аймгийн
хэмжээнд төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Нэг хүнд ноогдох
ногоон байгууламжийн хэмжээгээрээ манай аймаг бусад аймгуудаас доогуурт орж
байгаа. Тухайлбал нэг хүнд 5м2 ногоон байгууламж оногдож байна. Энэ бол маш
бага, чамлалттай тоо. Тиймээс энэ 3 зорилтын хүрээнд дээрх ажлуудыг хийхээр
төлөвлөөд эхнээс нь хийгээд явж байна.
-3 том зорилт тавьсан гэж хэллээ. Яг хийх ажлынхаа тодорхой зураглалыг
гаргав уу. Энэ нэлээд том ажил гэж ойлгож байгаа. ААНБ-уудын оролцоог хэрхэн
хангах вэ?
-1-р зорилтын
хүрээнд бид Сэлэнгэ аймгийн хэмжээнд аль суманд хичнээн га газарт ойжуулалт хийх
вэ гэсэн зураглалаа хийгээд, талбайн байршлаа гаргасан. Энд нийт 19 мянган га газрыг
2022-2030 онд ойжуулна. Ойжуулалтын хүрээнд энэ ажлыг ганцхан Сэлэнгэ
аймгийнхан хийх үү гэвэл үгүй. Тэрбум мод
үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг өөрөө тарьц, суулгац нийлүүлэгч
аймаг гэдгээ зарласан. Иймээс энэ ажлын хүрээнд өөрсдөө тариад Сэлэнгэ аймагт
үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллагууд, мөн уул уурхайн
олборлолт явуулж байгаа ААН-үүдийг татан оролцуулна.
Мөн цөлжилт
элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулах ажил дээр тариалангийн талбайг хамгаалах ажилд үр тарианы
үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүд энд нэлээд сайн оролцож ажиллана.
-Томоохон ААНБ, компаниудтай хэрхэн уялдаж ажиллах вэ?
-Одоогийн байдлаар
бид Сэлэнгэ аймгийн хэмжээнд мод тарьж ургуулья гэж Грийн Форест, Грийн Номгон гэсэн
ААН-үүд саналаа ирүүлсэн. Уул уурхайгаас “Болд төмөр Ерөө гол”, “Бороо Гоулд”, “Дархан
төмөрлөг”, Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр”-т бид ойжуулах газрынхаа байршил, зураг,
төлөвлөгөөгөө явуулсан.
Бид уул уурхайн
олборлолт явуулж байгаа компаниудтай 3 төрлийн гэрээ байгуулж байгаа. Энд нийгмийн
хариуцлагынхаа хүрээнд олборлолт хийсэн, эвдэрсэн газруудыг нөхөн сэргээлт
хийлгэх асуудалд гэрээ хийнэ. Нөгөө талаас уул уурхайн компаниуд тарьц суулгац
тарьж ургуулдаг ААН-үүдтэй гэрээ хийж байна. Үүнийгээ бид тогтвортой байдлын
гэрээ гэж нэрлэсэн. Яагаад тогтвортой байдлын гэрээ гэсэн юм бэ? гэхээр тэрбум
мод хөдөлгөөний хүрээнд энэ үйл ажиллагааг эхэлснээс эхлээд ААНБ-ууд тарьц,
суулгацын үнээ маш их өндрөөр хэлж байгаа. Тиймээс тарьц, суулгацын үнийг
тогтвортой байлгах. Нөгөө талаас хариуцлагын хүрээнд нийлүүлж байгаа тарьц,
суулгацын нийлүүлэлтээ тогтвортой нийлүүлэх гадна нөөцийн тогтвортой байдлаа хангана.
Ингэж гэрээ байгуулснаар тэнд тогтвортой ажлын байр ч бий болох болно.
Мөн түүнчлэн
энд ногоон эдийн засаг бий болж, ногоон эдийн засгийг эргэлтэд оруулах үйл
ажиллагаа давхар хийгдээд явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид тэрбум модыг ногоон
эдийн засаг, ногоон зах зээл, ногоон ажлын байр гэж харж байгаа. Энэ чиглэл рүү
ч Сэлэнгэ аймаг явж байгаа. Иймээс бид энэ ажлыг хэзээ, хаана, хэн хийх вэ
гэдэг нарийн төлөвлөгөө, зураглалаа гаргаад явж байгаа.
-Ойн зурвас хийх ажлаа хэрхэн зохион байгуулж байна. Хаврын их ажил хаяанд
ирлээ?
-Одоо бид
удахгүй 4 сард мод тарьж эхлэхийн өмнө Сэлэнгэ аймгийнхаа мод тарьж ургуулдаг
хүмүүс болон уул уурхайн олборлолт хийж байгаа компаниудтайгаа гэрээгээ
байгуулж, зөвлөгөөнөө хийхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна.
Бид ойн зурвас
байгуулах ажлыг нэлээд төлөвлөлттэй 2020, 2021, 2022 онуудад хийсэн. Одоо энэ
жил үргэлжлүүлээд хийгээд явна. Ингэхийн тулд усалгааны асуудлыг давхар шийдсэн.
Нэлээд олон худаг гаргасан. Худаг гэхээсээ илүүтэй гадаргын усыг түлхүү ашиглах
бодлого барьж байгаа. Тухайлбал хөвд цөөрөм байгуулах замаар гадаргын усыг
ашиглах. Энэ ажилд байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар
Сэлэнгэ аймгийн хэмжээнд хаана хаана хөвд цөөрөм байгуулах вэ гэсэн судалгаагаа
гаргасан. Энд нийтдээ 27 газарт хөвд цөөрөм байгуулж болох боломжтой гэсэн судалгаа
гарсан.
-Сэлэнгэ аймаг ойн дагалдах баялгаа хэрхэн ашигладаг вэ. Ойн мэргэжлийн
ангиудын хувьд ямар үйл ажиллагааг түлхүү явуулж байна?
-Манай Сэлэнгэ
аймаг чинь байгалийн баялгийнхаа нөөцийг бүгдийг тоолсон, судалсан аймаг шүү
дээ. Тиймээс бид бодлогын бичиг баримт болон хөгжлийн төлөвлөгөөндөө тусгаад явдаг.
Одоо ярьж байгаа
алсын хараа 2050, дээр нь хот хөдөөгийн бодлого, шинэ сэргэлтийн бодлого гэдэг
асуудлуудад ойн тухай ярьж байна. Тухайлбал Монгол Улсын ойгоор бүрхсэн талбай
9 хувьд хүрэх нь гэж байна.
Сэлэнгэ аймгийн
газар нутгийн 46.7 хувь нь ойн сан байдаг. Эндээс доройтолд орсон 19 мянган га газраа
л нөхөн сэргээчих юм бол бид өнөөдөр ойн нөөцөө дагасан, ойгоо дагасан эдийн
засгийн тодорхой хэмжээний сэргэлт гарна гэж харж байгаа.
Үүнийг хуучин
шигээ палк болгоод 4 захыг нь аваад хаях биш. Нэмүү өртөг шингэсэн эцсийн
бүтээгдэхүүн хийж болох юу байна гэдэг дээр бид судалгаа хийлгэж байгаа. Энэ судалгааг
бид өөрсдөө хийгээгүй. Гадаадын донор байгууллагууд, Европын холбооны
санхүүжилтээр хэрэгжиж байгаа ХАА-н тогтвортой байдал, эко системийн тогтвортой
байдлыг хангах Экстрем төслөөс санхүүжилтийг аваад хийлгэж байна. Сэлэнгэ аймагт
өнөөдрийн байдлаар 142 ойн мэргэжлийн байгууллага байдаг. Эд нараас нэмүү өртөг
шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь 17-хон байна. Тэгэхээр бид
аль нь давуу байна. Эдийн засгийн эргэлтэд алийг нь оруулах вэ гэдгээ бодох
хэрэгтэй. Иймээс ойн мэргэжлийн байгууллагуудыг тоо гэхээсээ илүүтэй чанар луу хандуулахыг
зорьж байгаа.
Ойгоос мод
бэлтгэдэг нэг хэсэг бий. Тэд модоо л бэлтгэг. Харин оруулаад ирсэнийг нь нэмүү
өртөг шингэсэн янз бүрийн бүтээгдэхүүн болгох нь чухал. Зарим нэг нь зах зээлд
гарч ирж байна. Дэлхийн зах зээлд ч гарч эхэлж байна. Иж бүрэн сийлбэртэй гэрийн
модыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд бэлтгэж байна. Гадаадынхан маш
их сонирхож байгаа. Энэ мэт дотоодоо хангаад зогсохгүй гадагшаа хандсан зүйлийг
ихээхэн судалж байна.
-Аймаг жилд байгалийн нөөцөөсөө хичнээн төгрөгийн ашиг олдог бол. Түүнийгээ
хэрхэн зарцуулдаг вэ?
-Өнгөрсөн 2022
онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 9 тэрбум гаруй төгрөгийн орлогыг байгалийн баялаг,
нөөц ашигласан байдлаасаа олсон. Энд ой, ус, байгалийн ургамал, ан амьтнаа ашигласан
гэсэн үг. Буцаагаад 1.4 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга
хэмжээнд зарцуулсан.
2023 онд 5
тэрбум орчим төгрөг төвлөрүүлээд буцаагаад 1 тэрбум 640 сая төгрөгийг байгаль
хамгаалах нөхөн сэргээх ажилд зарцуулахаар төлөвлөсөн.
-Сэлэнгэ аймаг ойн нөөцөөрөө ямар байдаг вэ?
-Сэлэнгэ аймаг ойн
нөөцөөрөө Хөвсгөл аймгийн дараа 2-рт ордог. Мөн байгалийн баялаг, гадаргын усны
нөөцөөрөө ч мөн Хөвсгөл, Увс аймгуудын дараа дээгүүрт ордог. Ер нь гадаргын усны
ихэнх гадагшаа гардаг урсгал Сэлэнгэ
аймгаар дамжин гарч байна. Үүнийг бид үр ашигтай, эргэлтэд оруулах хэрэгтэй. Шууд
гадагш нь гарах биш. Тэгэхээр мод тарихад усгүйгээр мод тарина гэж байхгүй. Тиймээс
нөхөн сэргээгддэг баялаг болсон гадаргын усаа аль болох сайн ашиглах хэрэгтэй. Харин
нөхөн сэргээгддэггүй гүний усаа хамгаалж, хайрлах хэрэгтэй. Гүний усаа хамгаалж
үр хойчдоо үлдээх нь чухал.
-Өнгөрсөн жил тэрбум модны хүрээнд хичнээн мод тарив?
-Анх тэрбум мод
тарьж эхэлж байхад улсын хэмжээнд 9.2 сая модтой гэж байхад, 8 сая нь манай аймгийн
мод үржүүлгийн газруудад ургаж байсан. Бид 2022 оны эцэст тооллого хийхэд 24.7 сая
ширхэг модны тарьц, суулгацтай болж, нөөцтэй болсон. Үүнээсээ 5.7 сая ширхэг
тарьц суулгацыг зах зээлд борлуулах бүрэн бололцоотой болж байгаа юм. Энэ маань
өөрөөр хэлбэл 4-өөс дээш настай мод гэсэн үг. Энэ үйл ажиллагааг бид төр, хувийн
хэвшлийнхэний хамтын ажиллагааны хүчээр хийсэн. Ялангуяа хувийн хэвшлийнхэн мод
үржүүлгийн газрууд, ойн мэргэжлийн ангиуд энд маш идэвхтэй, анхаарал тавьж
ажилласан.
Үүний үндсэн дээр
тайрдаг, мод бэлтгэдэг ААН-үүд маань мод тарьдаг үйл ажиллагаа руу орж, мод
үржүүлгийн газар байгуулан ажиллаж эхэллээ. Энэ бол эдийн засгийн эргэлттэй, үр
ашигтай юм байна гэж хараад байна шүү дээ. Дээр нь бид чанар дээр онцгой анхаарч
байгаа. Тухайлбал нэг жижиг мөчир авч тариад түүнийгээ намар тарина гэсэн
зорилго тавихгүй. Чанартай байх ёстой. Яагаад гэвэл үүний цаана Сэлэнгэ аймаг
гэсэн нэр байгаа. Иймээс модны стандарт, чанарт маш сайн анхаарна. Тоонд биш.
-Энэ жилийн тухайд хийх онцлог ямар ажил байна вэ?
-2023-2025 оныг
улсын хэмжээнд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан бид “нэг аялагч
нэг мод” гэсэн уриатай ажиллаж байна. Аялагч орж ирээд аялал жуулчлалын бааз
дээр очоод мод тарихад бортоготой модыг бэлэн байлгах ажлыг мод үржүүлгийн
газартайгаа хамтраад зохион байгуулна. Тэр ирсэн зочин маань ч гэсэн ирсэн
газраа өөрийнхөө дурамжийг үлдээх байдлаар нэг мод тарих жишээтэй. Тухайн аялагч
тарих модоо өөрөө худалдаж аваад тарина.
Энэ бүх ажилд салбар
дундын уялдаа холбоог сайн хангаж өгөх хэрэгтэй болно. Амьдралын эх ус боловч
усны эх нь ой байдаг. Иймээс энэ 2 салбар салшгүй холбоотой юм.
Мод тарих үйл
ажиллагаандаа хүмүүс минь идэвхтэй оролцоорой. Ингэснээр та ойгоо, усаа
хамгаалах үйл хэргийг бүтээнэ шүү дээ.
-Та 2 дахь тужийн нарс гэж дуугарсан. Энэ ажлынхаа талаар тодруулж өгнө үү?
-Сэлэнгэ аймаг бол
Монгол Улсдаа төдийгүй дэлхийд гүүгл дээр тамгалагдсан улс гэж бид хэлэх
дуртай. Яагаад гэвэл дэлхийн аль ч тивээс ороод харахад манай тужийн нарсыг эрийтэл
ургасан байгааг нь харж болно. Иймээс бид 2 дахь тужийн нарсаа сум бүртээ тарья
гэж төлөвлөсөн. Тухайлбал Ерөө сумын Гэзэг толгой, Сайхан сумын Номгон тосгоны наана
байдаг хөндийг сонгох жишээтэй.
Тэрбум мод
хөдөлгөөн дуусахад бид сум бүрдээ тодорхой хэмжээний ойн төгөлтэй болсон байх
зорилготой ажиллаж байна. Энэ ажил маань бас л нөгөө элсний нүүдэл, цөлжилтийг
бууруулахад маш хүчтэй нөлөө үзүүлнэ шүү дээ.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.