Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан шүүхэд дуудагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-05 16:01:31

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан Дональд Цанг өөрт нь үүсгэсэн авлигын хэргээр байцаалт өгөхөөр шүүхэд дуудагджээ. Энэ тухай Хонконгийн хэвлэлүүдэд мэдээлж байна.

“Өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд би Авилгатай тэмцэх бие даасан комисстой тогтмол хамтран ажилласаар ирсэн. Миний сэтгэл цэвэр ариун. Хэргийг шалгаж дууссаны дараа шүүх намайг цагаатгана гэдэгт би итгэлтэй байна” гэж Цанг мэдэгдэлдээ дурджээ.

Өдгөө 70 настай улс төрчийг Хонконгийн засгийн эрхэнд 2005-2012 онд байх хугацаандаа гадаадад амрахаар хувиараа аялахдаа тэрбумтан танилуудынхаа хувийн нисэх онгоц болон дарвуулт завийг нэг бус удаа ашигласан гэж буруутгаж байгаа аж.

Үүнээс гадна, Хятадын магнатуудын нэг түүнд хөрш Шэньжэн хотод тансаг зэрэглэлийн орон сууц түрээсийн нөхцөлтэйгөөр өгсөн нь бас л авлига авсан байж магадгүй харуулж байна.

Дээрх баримтууд 2012 онд олон нийтэд ил болсон бөгөөд дуулиан шуугиан дэгдээжээ. Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан комисс хариу арга хэмжээ авахаас аргагүйд хүрч, түүний хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.

Бусдын нисэх онгоц, дарвуулт завиар явснаа Цанг өөрөө үгүйсгэхгүй байгаа боловч зах зээлийн ханшаар “тасалбар”-ын үнэ төлсөн гэж мэдэгдэж байгаа аж. Тэрбээр хувийн ашиг сонирхолдоо албан тушаалаа урвуулан ашигласан гэх цуу яриаг эрс няцаажээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд