АНУ болон Өмнөд Солонгос сонор сэрэмжтэй хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-03 11:18:26

СӨҮЛ. /Kyodo/. Умард Солонгосоос ирж болзошгүй аюул заналхийлэлд хариу арга хэмжээ авахад бэлтгэлтэй байх зорилго бүхий хамтарсан цэргийн сургуулилтаа өндөрлөсөн хэдий ч АНУ болон Өмнөд Солонгос сонор сэрэмжээ дээшлүүлсэн хэвээр байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 22-нд эхэлж, өчигдөр дууссан хамтарсан цэргийн сургуулилтад Өмнөд Солонгосын талаас 50 мянга орчим, АНУ-ын талаас 25 мянга орчим цэрэг оролцсон юм.

Умард Солонгос тус хоёр улсыг шүүмжлэн “өдөөн хатгасан цэргийн сургуулилт Солонгосын хойгийг дайны ирмэг дээр аваачлаа” гэж байсан юм.

Наймдугаар сарын 24-нд Умард Солонгос шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан бөгөөд уг пуужин нь 500 км замыг туулаад Япон тэнгист унасан билээ.

Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдэхдээ “Пхеньян шумбагч онгоцноос баллистик пуужин харвах технологио сайжруулж байна. 1-3 жилийн дотор пуужингийн технологийг улам боловсронгуй болгох төлөвтэй байна” гэв.

Умард Солонгос цаашид дахин пуужин харван өдөөн хатгалгаа үргэлжлүүлж болзошгүй байгаа учир АНУ болон Өмнөд Солонгос сонор сэрэмжтэй хэвээр байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ