Үлэг гүрвэлийн музейд маркийн үзэсгэлэн нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-03-23 16:37:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, “Монгол шуудан” компани хамтран “Монголын үлэг гүрвэлийн сор олдворууд” маркийг 2022 оны 5-р сарын 10-нд гаргажээ. Тус хүрээлэнгийн сүүлийн 60 орчим жилийн хайгуул малтлага, судалгааны үр дүнд бий болсон олдворуудын зургийг марк бүтээхэд ашигласан байна.


“Хүннү молл”-ын 4 танхимд Палеонтологийн хүрээлэнгийн 55 олдвороор бүтсэн үлэг гүрвэлийн музейд марк цуглуулагч Р.Бат-Аюушийн санд хадгалагдаж байгаа үлэг гүрвэлийн сэдэвтэй маркуудаар үзэсгэлэн гаргаж, өнөөдөр /2023-3-23/ нээлээ. Дэлхий нийтэд анх 1957 онд БНХАУ үлэг гүрвэлийн сэдэвтэй марк хэвлэсэн байна. 


Монгол Улс 1967 оноос хойш үлэг гүрвэлийн сэдэвтэй олон цуврал марк гаргасан байна. Тэдгээрийн эхний 3 цуврал нь 1967, 1977, 1990 онд гаргасан “эрт галавын амьтад” нэртэй марк. Түүнээс хойших нь “флинстотоуныхон Монголд зочилсон нь” /1991-2 -10/, “тарбозавр батаар” /2014-7-24/ гэх мэт өөр өөрийн оноосон нэртэй. Тэр бүхнийг энэ үзэсгэлэнд дэлгэжээ. Түүнээс гадна 70 орчим улсын үлэг гүрвэлийн сэдэвтэй хэвлүүлсэн маркийг үзэсгэлэнгийн танхимд байрлуулсан байна.


Монгол Улс Ардын Засгийн газрын 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолын дагуу “Элдэв-Очир” сэдэвт 7 нэрийн шуудангийн марк анх гаргасан байна. Монгол Улс тухайн үед үндэсний мөнгөн тэмдэгтгүй байсан тул нэрлэсэн үнийг 1, 5, 10, 20, 50 цент, 1 доллар хэмээн илэрхийлэн Шанхай хотод хэвлүүлэн 1924 оны 7 дугаар сарын 1-нд шуудангийн гүйлгээнд гаргаж байжээ.

Холбоотой мэдээ