Дэлхийн болон Монголын цаг уурын өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2023-03-23 08:45:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн болон Монголын цаг уурын өдөр өнөөдөр /23-3-23/ тохиож байна. Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/-ын гишүүн орнууд 1963 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 23-нд тухайн үеийнхээ тулгамдсан нэгэн чухал сэдвийн дор "Дэлхийн цаг уурын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ.


Монгол Улсын хувьд Судар бичгийн хүрээлэнгийн 1924 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор уг хүрээлэнгийн үндсэн бүтцэд “Огторгуйн одон орон гараг ба цаг уурыг шинжлэх салаа”-г байгуулж, улмаар анхны цаг уурын өртөөдийг байгуулж эхэлснээр Монгол Улсын Ус, цаг уурын албаны эхлэл тавигдсан гэж үздэг байна.


Монгол Улсын Ус, цаг уурын алба өнгөрсөн хугацаанд хүндрэл, бэрхшээл бүхнийг амжилттай даван туулж, үе үеийн ус, цаг уурчдын нөр их хөдөлмөр, зүтгэл, Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/-ын гишүүн орнуудын тусламж, дэмжлэгийн үр дүнд Монгол орны нийт нутгийг хамарсан ажиглалт, хэмжлийн нэгдсэн сүлжээтэй, ус, цаг уурын үзэгдэл явцыг урьдаас танин мэдэх, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоо бүрджээ. Түүнчлэн шинжлэх ухаан, техникийн орчин цагийн ололтод суурилсан, биеэ даасан Үндэсний алба болтлоо өргөжин хөгжиж байна. Сүлжээний өртөө, харуул, лабораторийг сүүлийн үеийн автомат хэмжлийн станц, нарийвчлал сайтай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад онцгойлон анхаарч, дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Өнөөдрийн байдлаар сүлжээний 180 орчим өртөө, харуулыг цаг уурын автомат хэмжлийн багажаар хангаад байна.


Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнуудад ашиглаж буй өндөр хурдтай супер компьютерийн технологийг 2011 оноос эхлэн нэвтрүүлж, Дэлхийн болон бүс нутгийн хэмжээний тоон прогнозын загваруудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж байгаагийн үр дүнд Ус, цаг уурын байгууллагаас үйлчилгээнд гаргаж буй мэдээллийн чанар, нарийвчлал жилээс жилд сайжирч, хэрэглэгчид, малчид, ард иргэдийн сайшаалыг хүртэж, эрхэм үүргээ мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэн ажиллаж байна.


Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэж, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт автомат цаг уурын станцын сүлжээг өргөжүүлэх, супер компьютерийг шинэчлэх, Цаг уурын Допплерийн радарын сүлжээ байгуулах чиглэлээр хэд хэдэн томоохон арга хэмжээ тусгагдсан бөгөөд Чингэлтэй хайрхны Зүрх уулын оройд Цаг уурын Допплерийн “Х-band”-ын радарын станцыг шинээр суурилуулж, ашиглалтад оруулжээ.

Холбоотой мэдээ