ОРХОН: Ш.ДАВААХҮҮ: Монголчууд байт харваагаар дэлхийд “ноёлох” бүрэн боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-22 06:43:11
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-26-нд Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн Орхон аймагт болно. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Спорт, цогцолборын дарга, МУГТ, Дархан мэргэн, Монголын Байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Ш.Даваахүүтэй ярилцлаа. 


-Монголд байт харвааны спорт 1960-аад оноос  хөгжсөн ч бусад спорттой харьцуулахад амжилтын түүх багатай. Тиймээс энэ спортыг хөгжүүлэх, тамирчдыг бэлтгэх, бааз суурийг нь нэмэгдүүлэх зэрэг олон асуудал байгаа болов уу. Ярилцлагаа эндээс эхэлье.

-Юуны өмнө Монгол Улс байт харваагаар ямар амжилт үзүүлж байсан тухай товч хэлье. 1971 онд Англи Улсад  болсон байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчин Д.Дэмбэрэл 30 метрийн зайд 2 удаагийн харвалтаар 641 оноо онож түрүүлсэн, мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Пара байт харвааны тамирчин Д.Баатаржав "Бээжин-2008" XIII зуны паралимпийн наадамд анхны алтан медаль хүртсэн түүхтэй.

1960-аад оноос энэ спорт Монголд хөгжсөн. 1971 оны дэлхийн аваргаас хойш Монгол Улс уг спортыг шинэ шатанд гаргаж, тив, дэлхий, олимпын наадамд түрүүлэх зорилт тавьж эхэлсэн.

Эрдэнэт хотод уг спорт 2010 оноос хөгжсөн. Тухайн үед Спорт, цогцолборын орлогч даргаар ажиллаж байсан В.Сумъяасүх байт харвааны мэргэжлийн багш, дасгалжуулагчдыг орон нутагтаа урьж, Монголын байт харвааны шигшээ багийг Лондоны Олимпод оролцох бэлтгэлийг нь Хангарьд клубдээ хангуулж байсан юм. Үүний үр дүнд Б.Урантунгалаг тамирчин 2012 онд Лондоны олимпын наадамд шигшээ 16-д багтсан амжилт үзүүлсэн. Тэр цагаас хойш Эрдэнэт хотод энэ спорт эрчимтэй хөгжиж байна.  

Би 2021 оноос Монголын Байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Спорт, цогцолборын даргын үүрэгт ажлыг авснаас хойш байт харвааны спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, харвааны хэрэглэлийг бэлдэх, заал танхимыг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан нээсэн. Нэг удаадаа 20-30 тамирчин хичээллэх боломжтой заал болон гадаа талбайд харвах стандартын талбай байгуулсан. Эрдэнэт хотоос тив, дэлхий, олимпийн аварга тамирчдыг төрүүлэх зорилготой.

 

Монголын Байт Харвааны холбооноос ч 2024 оны Олимпын наадамд оролцох тамирчдыг Хангарьд клубт бэлтгэх, гол баазаа болгох шийдвэр гарсан. Үүний дагуу багш, дасгалжуулагч, тамирчид маань бэлтгэлээ базааж байна.


-Байт харваа нь компаунд, рекурв гэсэн хоёр төрөлтэй. Монголчууд рекурв төрлөөр нь түлхүү хичээллэдэг юм билээ. Энэ хоёр төрлийн онцлог, ялгааг хэлбэл?

-Компаунд төрөл нь Монголд 10 гаруй жил, бусад улс оронд хөгжөөд 50,60 жил болж байна. Олимпын наадамд энэ төрөл нь ороогүй. Гэхдээ тив, дэлхий, азийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулдаг. Яг энэ төрөл нь АНУ-д түлхүү хөгжсөн. Компаунд төрөл гэдэг нь орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан нумыг нь хийсэн, харвах техник нь өөр. Рекурв нь тамирчин гарынхаа гурван хуруугаар хөвчөө татаад харвадаг гэсэн үг. Байт харвааны нум нь хараа, кликр, ачаа, гол гичэр, хөвч  зэргээс бүрдэнэ. Мэргэжлийн нум хоёроос гурван кг бол сургалтын нум нь 700 граммаас эхэлнэ. Туслах хэрэгслийн хувьд, сум, саадаг, хуруу, цээж, шууны хамгаалалт, нумны уяа зэрэг хэрэглэгдэнэ. Рекурв төрөл нь олимпын наадамд багтсан.


-Дараагийн олимпын наадамд оролцох тамирчдыг Хангарьд клуб дээр түшиглэн бэлтгэж байгаа гэсэн. Үүнд Эрдэнэтийн тамирчид багтсан уу?

-Монголын Байт харвааны шигшээ багийн тамирчдын 80 хувь нь Эрдэнэтийн тамирчид байгаа. Бид Эрдэнэт хотоосоо байт харвааны олимпын аварга төрүүлэх том зорилготойгоор ажиллаж байгаа.


-Компаунд, рекурв төрлөөр дэлхийд амжилт үзүүлж манлайлж байгаа улсыг нэрлээч?

-Байт харваа нь зааланд болон гадна талбайд болдог. Одоо Орхон аймагт болох гэж байгаа Улсын аварга шалгаруулах тэмцээн нь заалных юм. Рекурв төрлөөр БНСУ-ын тамирчид өндөр амжилт үзүүлдэг. Компаунд төрөлд АНУ, Европынхон илүү байдаг.


-Энэ спортын онцлог нь наймаас наян настай хүн хичээллэх боломжтой. Орхон аймагт хэчнээн тамирчин байна вэ?

-Бараг 200 орчим тамирчин байна. Цаашид энэ эрчээ алдахгүй байх гэж бодож байна


-Үндэсний сурын харваан дээр суурилан байт харвааг цаашид хөгжүүлж болох уу? Үндэсний сурын харваа бол  монголчуудын гол давуу тал гэж харж байна.

-Таны зөв л дөө. Байт харвааны тамирчин Д.Дэмбэрэл дэлхийн аварга болсноороо монгол тамирчны чансааг харуулсан. Монгол хүн бүр нум сум харвах чадвартай гэж бодож байна. Тэгэхээр байт харваагаар амжилт үзүүлэх бүрэн боломжтой. Үндэсний сурын харваа, байт харваа хоёрыг сайн судалж давуу, сул талыг нь харьцуулж судлах хэрэгтэй. Монголчууд байт харваагаар дэлхийд “ноёлох” бүрэн боломжтой гэж бодож байна. Одоогийн байдлаар ингэж чадахгүй байгаа нь бэлтгэлийн бааз суурь, өндөр давтамжтай бэлтгэл, сургууль дутмаг байна. Монголд байт харваагаар хичээллэж байгаа тамирчдын 90 гаруй хувь нь үндэсний сурын харваагаар хичээллэдэг. Гэхдээ энэ хоёрын ялгааг сайн судалж, харьцуулалт хийж илүү мэргэжлийн түвшинд бэлтгэл, сургуулиа хийх хэрэгтэй гэж бодож байна.


Ер нь байт харвааны нум, сум хэрэглэл нь үнэ ихтэй, олдоц багатай. Бас уг спортын үнэлэмж бага байдаг.

Иймд багш, дасгалжуулагч нар байнга, тогтмол тэмцээн уралдаан зохион байгуулж тамирчдаа хөгжүүлж байх хэрэгтэй. Түрүүлсэн тамирчиндаа ч урамшууллыг нь сайн өгч үнэлэмжийг нь нэмэгдүүлэх нь чухал юм. Манай улсын хувьд Говь-Алтай, Ховд, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Орхон аймагт энэ спорт хөгжиж,  мэргэжлийн багш, дасгалжуулагчтай болж байна. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд эдгээр аймгийн тамирчид ирж байгаад баяртай байна.


-Та аль төрлөөр нь хичээллэдэг вэ?

-Би үндэсний сурын харвааны тамирчин ч 50 наснаасаа байт харвааны компаунд төрлөөр хичээллэж эхэлсэн. Арав гаруй жил өнгөрөхөд буюу асар богино хугацаанд өндөр амжилт үзүүлж болдгийг би өөрийн биеэрээ туршсан. Энэ хугацаанд Монголын анхны спортын мастер цол авсан, Олон улсын олон тэмцээнд оролцсон. Тэгэхээр залуу наснаасаа энэ спортоор хичээллэвэл амжилт ойрхон байна л гэж харж байна.


-Эрдэнэт хот бусад аймаг, нийслэлтэй харьцуулахад спортоор хичээллэх заал, танхим олонтой, мэргэжлийн багш, дасгалжуулагчтай бас төлбөр, хураамж нь ч бага. Гэхдээ л эрүүл мэндийн үзүүлэлтээрээ муу байсаар байна. Тэгэхээр спортын ач холбогдлыг олон нийтэд яаж ойлгуулах вэ, танд ямар санал байна вэ?

-Манай иргэдийн биеийн тамир спортын тухай ойлголт, чиг хандлага нь хөгжингүй орны иргэдтэй харьцуулбал “180 градусын” ялгаатай гэхэд хилсдэхгүй. Монголд спортыг амжилтын төлөө гэж үзэж байхад хөгжингүй орны иргэд эрүүл байх үндэс гэж ойлгож байна. Тэгэхээр өөрийнхөө төлөө спортоор хичээллэж эрүүл, чанартай, урт амьдралыг бий болгох дадлыг  өөртөө төлөвшүүлэх нь хамгийн чухал юм.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Холбоотой мэдээ