ДАРХАН-УУЛ: Жилд 10.000 хүн сүрьеэ өвчний эрт илрүүлэх үзлэгт хамрагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-21 17:47:33

Дархан /МОНЦАМЭ/. Дарханул аймаг нь сүрьеэгийн өвчлөлөөр өндөр аймгуудын тоонд ордог. 2022 онд нийт 132 тохиолдол илэрсэн, үүнээс 108 нь шинэ бол дахилтад хэлбэрийн 16, эмэнд тэвсэртэй сүрьеэгийн найман тохиолдол бүртгэгджээ.

Дэлхий нийтэд сүрьеэгийн тохиолдол буурч байгаа хэдий ч сүрьеэгийн халдвартай хэлбэрүүд болон халдварлалт хэвээр байна. Дархан-Уул аймаг сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөлөөр улсад тэргүүлж байна. Энэ нь эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог тогтмол зохион байгуулж, эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулдаг учир дээрх үзүүлэлт буурахгүй байгаа аж.

Тухайлбал 2018 онд ЭМГ дижитал рентген аппараттай болсноор ӨЭМТ, сумдын ЭМТ-өөр сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж хэвшжээ. Жилд 10.000 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж өвчлөлийг илрүүлэн, эмчилгээ, үйлчилгээг цаг алдалгүй эхлүүлж байна.




Эрсдэлт болон зорилтот бүлэг гэдэг нь сүрьеэгээр өвдсөн хүмүүс, түүний өрхийн хавьтал, ойрын хавьтал, эрс зорилтот буюу архинд донтсон, орон гэргүй иргэд, хавсарсан эмгэгтэй өвчтөнүүдийг хэлдэг аж. Нөгөөтэйгүүр Дархан-Уул аймаг сүрьеэгийн өвчлөлөөр улсдаа тэргүүлэх шалтгаан нь төмөр замын трасс зам хөгжсөн, их дээд, мэргэжлийн сургуульд суралцагч ихтэй, эрт илрүүлгийг тогтмол зохион байгуулж хэвшсэн болохоор сүрьеэтэй иргэдээ олж тогтоох нь оновчтой байдаг аж. Илэрч буй тохиолдлын 15-20 орчим хувь бусад аймаг, сумдаас ирж суралцаж буй оюутан, дамжин өнгөрч буй иргэдийн үзлэг эзэлдэг гэж аймгийн ЭМГ-ын сүрьеэгийн их эмч Б.Цэрмаа онцолж байна.



Нэгдсэн эмнэлэгийн сүрьеэгийн тасаг 17 ортой, үүний тав нь эмийн тэсвэртэй сүрьеэгийн ор байдаг аж. Жилд дунджаар 200 гаруй хүний эргэлттэй, өнөөдрийн байдлаар 13 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тухайн өвчнөөр жилд дунджаар 14 хүн нас бардаг байсан бол сүүлийн гурван жилд 6-8 болж буурсан аж. Энэ нь эрт илрүүлгээр тухайн өвчинтэй иргэнийг олж тогтоох, эмчилгээг эрт эхлүүлж тогтмол эмчийн хяналтад байлган, эмийг цаг тухайд нь ууснаар хүндрэхээс сэргийлэх цаашлаад амь насаа аврах боломжтой болжээ.



Мөн хүн бүр сүрьеэ өвчин тусахгүй. Дархлаа сайтай хүн халдвар авсан ч тухайн өвчний вирусийг унтаа байдал байлгаж чаддаг аж. Тухайлбал 100 хүн сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд 10 хувь нь л өвчлөх магадлалтай байдаг ажээ. Эдгэрэлтийн тухайд улсын хэмжээнд 85 хувь байдаг бол тус аймгийн хэмжээнд 91 хувьтай байна. Сүрьеэ өвчнөөр өвдөөд эдгэсэн ч дахин тусах магадлалтай, учир нь агаар дуслын замаар халдварладаг өвчин юм. Тиймээс үзлэг оношилгоонд тогтмол хамрагдаж, өвдсөний дараа биш өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлж эрүүл мэнддээ анхаарахыг аймгийн эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Ташрамд дэлхий дахинд: ДЭМБ-ын мэдээгээр сүрьеэгээр жилд 10 сая хүн өвчилж, 1.5 сая хүн нас бардаг бөгөөд ХДХВ, сүрьеэгийн хавсарсан тохиолдлоор 1,1 сая хүн өвчилж 300.000 хүн нас бардаг байна. Эмийн дасалтай сүрьеэгээр жилд 558.000 хүн өвчилж 210.000 нас бардаг ба нас баралтын 95 гаруй хувь нь ядуу буурай орнуудад тохиолдож, 15-44 насны эмэгтэйчүүдийн нас баралтын 3 гол шалтгааны нэг нь сүрьеэ өвчин болж байна.

2035 он гэхэд сүрьеэгүй дэлхий болох стратеги батлагдсан бөгөөд 100.000 хүн амд нэг тохиолдол, нас баралт болон сүрьеэгийн улмаас ялгаварлан гадуурхалтад нэг ч иргэн өртөхгүй зорилтыг дэвшүүлсэн. Өвчилсөн 3 хүн тутмын 1 нь оношлогдохгүй байна




Монгол Улсын хэмжээнд: Ази, Номхон далайн баруун эргийн бүсэд хамрагддаг 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөр дөрөвдүгээрт ордог бөгөөд жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг. “Хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох” үндэсний судалгааны дүнгээр сүрьеэгийн тархалт нь кластеруудад харилцан адилгүй ч дунджаар  /100.000 хүн амд 0-500/, транс төмөр замын бүс нутгуудад маш өндөр буюу 1000-аас их бүртгэгдсэн. Монгол улсад 100.000 хүн амд 428 тохиолдол байгаа нь 216 орны сүүлээсээ 12 дугаар бичигдэж байна.

Улсын хэмжээнд 2022 оны байдлаар сүрьеэгийн 2368 шинэ тохиодол бүртгэгдсэн нь олон улсын байгууллагын тооцсон нийт шинэ өвчлөлийн 30 хувийг илрүүлсэн байна. 2023 онд далд халдварын эмчилгээг халдвартай хэлбэрийн сүрьеэгийн хавьтлын 30 хувьд хийхээр зорилт дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 8000 гаруй сүрьеэтэй өвчтөн оношлогдоогүй буюу илрээгүй хэвээр байна.

Холбоотой мэдээ