Д.Тогтохсүрэн: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-20 13:33:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүд, намрын чуулганы завсарлагааны үеэр гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдээс дэвшүүлсэн саналуудыг нэгтгэн хэлэлцсэн байна.


Дээрх хоёр асуудлаар бүлгийн зүгээс ямар байр суурьт нэгдсэн болохыг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд танилцуулав. Тэрбээр “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Хаврын чуулган бол энэ удаагийн УИХ-ын тав дахь чуулган. Үндсэндээ сонгуулийн хугацаа 50 хувиасаа даваад явж байна. Энэ удаагийн чуулганаар хэд хэдэн асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнд, Аялал жуулчлалын жилийн хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийг батлах нь зайлшгүй. Авлигатай тэмцэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль зэргийг ойрын үед яаралтай хэлэлцэнэ. Эдийн засгийн чиглэлээр Үндэсний баялгийн тухай, Уул уурхайн олборлолтын ил тод байдлын тухай болон Улс төрийн сонгуулийн тухай, Улстөрийн намуудын тухай шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын тухай, Эрүүл мэндийн тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр тогтсон. Түүнчлэн төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хуулиудыг батална. Нийт 50 гаруй хуулийг эхний ээлжинд хэлэлцэхээр тогтлоо. 


Хоёрдугаарт, намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан байдлыг хэлэлцсэн. Иргэдийн саналыг нэгтгэж үзэхэд, 10 санал болж байна. Эдгээр саналыг Засгийн газарт хүргүүлнэ. Тухайлбал: өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн, инфляц өссөн, цалин хөлс, тэтгэвэр амьжиргаанд хүрэлцэхгүй байна, бүх төрлийн зээл олголт эрс багассан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн буюу ноос ноолуур, махны үнийг өсгөх шаардлагатай. 1072 хувьцаа, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, нийслэлийн түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулж буй ялыг чангатгах, төрийн боловсон хүчнийг сургах, чадавхжуулах, ажил гүйцэтгэлийг сайжруулах, хариуцлагыг нь өндөржүүлэхэд анхаарахын зэрэгцээ хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд орон нутагт бэрхшээл үүсэж байна гэсэн саналыг дэвшүүлсэн.  


УИХ-ын гишүүд эдгээр саналыг ярилцаад, Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ" гэв.


Холбоотой мэдээ