ХОВД: Эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдах боломжгүй 200 гаруй иргэнд үзлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-16 14:00:10

Жаргалант /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Даваабал тэргүүтэй эмч нар өнөөдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант өрхийн эрүүл мэндийн төв дээр ажиллаж, иргэдэд үзлэг оношилгоо хийж байна.


Рашаант өрхийн эрүүл мэндийн төвийн урилгаар ажиллаж буй эдгээр эмч нар дотор, мэдрэл, эмэгтэйчүүд,  хоол судлал, чих хамар хоолой, эхо дүрс оношилгооны чиглэлээр үзлэг хийхэд 200 гаруй иргэн хамрагджээ. 


Монгол Улсын хүний гавьяат эмч нар, клиникийн профессорууд ийнхүү Рашаант өрхийн эрүүл мэндийн төв дээр 5 дахь жилдээ ирж ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй, улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамрагдах боломжгүй байгаа зорилтот бүлгийн иргэдэд хүрч үйлчилснээрээ онцлогтой. 


Мөн  тус үзлэгийг “Нийгмийн эрүүл мэнд ба мэдээлэл сургалт сурталчилгаа” аяны хүрээнд зохион байгуулж, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж байна.   


Алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг “Эрүүл мэндийн анхан шатны нэгж” бол сум, өрхийн эрүүл мэндийн төвийнхөн.  

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох, хэнийг ч орхигдуулахгүй байхад өрхийн эмч нарын оролцоо чухал.

Рашаант өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд өөрийн харьяа багийн иргэдээс гадна түр оршин суугаа 7000 гаруй хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. 


Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй бусад өрхийн эрүүл мэндийн төвүүд мөн тусгай хуваарийн дагуу 
Монгол Улсын хүний гавьяат эмч нар, клиникийн профессоруудыг урьж, зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн байна.      

Холбоотой мэдээ