Оюутны цахим картын захиалга энэ сарын 06-нд дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-09-02 12:26:36

Оюутнуудын хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн картын захиалгын болон сунгалт хийлгэх хүсэлтийг энэ сарын 06-ныг хүртэл сургуулиуд дээр хүлээн авч, 12-18-ны өдрүүдэд тухай сургуулиар нь дамжуулан тараахаар болжээ.

Энэ тухай өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөлөл хамтран мэдээллээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан Их, Дээд сургууль, Коллеж, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын дагуу хөнгөлөлттэй зорчих эрхтэй цахим төлбөрийн картыг 2016-2017 оны хичээлийн жилд дараах байдлаар зохион байгуулахаар болжээ.

Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан картаа захиалах юм. Сургуулиуд төрийн байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж баталгаажуулан ирүүлснийг үндэслэн их, дээд сургуулиудад Нийслэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежиудад Нийслэлийн Хөдөлмөрийн газар шинээр олгох юм.

Өнгөрсөн хичээлийн жилд нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн карт авсан 2016-2017 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ашиглах нөхцлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана. Цуглуулсан картыг жагсаалтаар баталгаажуулан их, дээд сургуулиуд Улаанбаатар смарт компанид, МСҮТ, коллежиуд Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хандан сунгалтаа хийлгэх юм.

Цахим төлбөрийн карт шинээр авах хураамж 3600, сунгалт хийлгэх бол 1000 төгрөг төлөх юм.

Цахим карт олгох ажлын талаар Нийслэлийн Боловсролын газрын Хуулийн зөвлөх Ц.Ууганбаяр хэлэхдээ, “Өнгөрсөн хичээлийн жилд нийт 57 мянга 681 оюутанд шинээр карт олгосон. Энэ жил 2 дахь жилдээ олгох гэж байна. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа цахим карт олгох үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь бүх оюутанд тэгш боломж олгох зорилготой. Өнөөдрөөс карт олгох, сунгах ажил хэвийн үргэлжилнэ” гэв.

Нийслэлийн хөдөлмөрийн газрын Оюутны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Амаржаргал “Өнгөрсөн хичээлийн жилд НХГ Улаанбаатар бүсэд оршдог 32 МСҮТ, коллежийн захиалга авсан. Нийтдээ 13 мянга 200 гаруй оюутан суралцсанаас 12 мянга 400 орчим картыг оюутнуудад олгосон. Энэ жил мөн 32 МСҮТ, коллежийн 12 мянга орчим оюутны картыг сунгах, шинээр олгох болон алга болсон картыг дахин олгоно гэсэн төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.
 

Ж.Болор

Холбоотой мэдээ