ОРХОН: Хар тамхи, мансууруулах бодисын улмаас өнгөрсөн онд 9 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Цагдаагийн
Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гэр бүл,
хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газар хамтран
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх "АНЗААР" аяныг улс орон даяар зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Орхон аймагт ЦЕГ-аас
мэргэжлийн байгууллагуудад зориулж хоёр өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтад төрийн
болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 1141 ажилтан, албан хаагч
хамрагджээ.
Улсын
хэмжээнд мансууруулах бодис хэрэглэгчдийн нас залуужиж,13-35 насны
залуучууд 92.3 хувийг эзэлж байна. Эдгээр залуусаас судалгаа
авахад, хамгийн багадаа зургаан сар түүнээс дээш 2-3 жил хар тамхи
хэрэглэсэн байна. Энэ хугацаанд эцэг эх, ар гэрийнхэн нь огт мэдээгүй
байжээ. Иймээс эцэг эхчүүдэд хар тамхины талаарх мэдээ мэдээллийг өгөх нь
энэ аяны гол зорилго юм.
Хар тамхи, мансууруулах бодисын улмаас дэлхийд минут тутамд нэг хүн буюу 700
мянга гаруй хүн нас барж байна гэсэн тоон судалгаа байдаг. Энэ тоонд Монгол Улс
багтдаг болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд хар тамхи хэрэглэж бие
махбодь, сэтгэл санаагаараа хохироож байгаа хүмүүсийн тоо ихсэж байна.
Хар тамхи, мансууруулах бодисын нөлөө архинаас 60 дахин их байдаг
Өнгөрсөн онд манай улсад хар тамхины тунг хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалж 9 хүн нас барсан харамсалтай тоо гарчээ. Хар тамхи нь хүний уураг тархи, мэдрэлийн систем, оюун ухаанд бодитоор нөлөөлөхүйц хүчтэй байгалийн болон химийн гаралтай мансууруулах үйлчилгээтэй ургамал юм. Тус бодис нь каннабиноид, марихуан, гашиш гэх олон төрөлтэй. Монголд мансууруулах болон донтуулах үйлчилгээтэй бодис бүхий ургамал болох намуу, зэрлэг олс, зээргэнэ, лантанз зэрэг 9 овог, 11 төрөлд хамаарах 18 зүйл ургамал нь 14 аймгийн 49 сумын нутаг дэвсгэрт 15,000 орчим га талбайд ургадаг болох нь судалгаагаар тогтоогджээ.
Мөн Монгол
Улсын зарим иргэн гадаад улсад олон төрлийн гэмт хэрэгт холбогдсон статистик
тоон үзүүлэлт байдаг байна. Улсын хэмжээнд гарч буй хар тамхины нийт гэмт
хэргийн 80 орчим хувь нь Улаанбаатар хотод, 20 хувь нь хөдөө орон нутаг буюу
Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймагт үйлдэгддэг байна.
Орхон
аймаг хар тамхины гэмт хэргийн гаралтаараа улсын хэмжээнд өндөр
үзүүлэлттэй байдаг. Тодруулбал, сүүлийн таван жилийн хугацаанд Орхон
аймагт 82 гэмт хэрэгт 81 хүн яллагдагчаар шалгагдаж байжээ. Мөн Зөрчлийн тухай
хуулиар хариуцлага хүлээж байсан 49 иргэн байдаг.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл ангиар хар тамхи олсон,
хадгалсан, бусдад зарж борлуулсан тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага
хүлээлгэнэ. Харин эсрэгээрээ тамхийг сурталчлан худал ярин бусдад борлуулж
буй хүмүүст Эрүүгийн хуулиар 8 жилийн хорих ял оноодог байна.
Хар тамхи, мансууруулах бодисын улмаас өнгөрсөн онд 9 хүн нас баржээ
Хар
тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга,
цагдаагийн дэд хурандаа Б.Батхуяг хэлэхдээ, “Сүүлийн үед зарим уран
бүтээлч хүүхэд багачуудад хар тамхи хэрэглэх аргыг сурталчилсан, буруу үлгэр
дуурайл үзүүлсэн дуу, клип ихээр гаргаж байна. Энэ байдалд хяналт тавьж
устгуулах болон бусад арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.
Иймд хар
тамхи, мансууруулах бодистой холбоотой дараах зөвлөмж, мэдээллийг хүргэж байна.
Ганц удаа хэрэглээд давтан хэрэглэж эхэлдэг
-Хар тамхийг анх хэрэглэж эхэлсэн хүн “Ганц удаа татлаа гээд орчихгүй” хэмээн
найдаж, түүндээ лавшран удаа дараа хэрэглэсээр нэг мэдэхэд бүрмөсөн орж, бие
сэтгэлээ захирч чадахгүй болсон байдаг.
Тархины эд эсийг эргэж
сэргэхгүйгээр үхүүлдэг
-Нисэж байгаа мэт мэдрэмж төрж,
сэтгэл санаа огцом дээшлэн, эсвэл огцом сэтгэл санаагаар унаж, үхэх хүсэл
төрнө. Энэ нь тархин дахь дааврын хэмжээ өөрчлөгдөж байгаатай холбоотой.
Сэтгэцийн эмгэг үүснэ
-Хар тамхийг хэр их хэрэглэнэ, тэр хэмжээгээр донтох үйлчилгээ тэлж,
бие махбодыг хамрах хүрээ нь нэмэгдэж байдаг. Тархины мэдээлэл хадгалах, санах
ойд нөлөөлж, сэтгэцийн эмгэг үүсгэх аюултай.
Өөрийгөө удирдаж чадахаа болино
-Цусны судсыг тэлснээс болж нүд улайн, аргадаг. Ингэснээр сэтгэл санаа
тогтворгүйжин, өөрийгөө удирдаж, захирч чадахаа больдог. Энэ нь өөртөө болон
орчин тойрондоо муу нөлөө үзүүлэх эх үндэс болдог.
Шим тэжээлийн дутагдалд орж турна
-Харах, үнэрлэх, сонсох мэдрэхүйд шууд нөлөөлж, хий юм харах, чих шуугих шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хоолны дуршлыг бууруулна. Улмаар мансууруулах бодисоос өөр зүйл хүсэхээ болин, шим тэжээлийн дутагдалд орж, турж эцнэ.
Эрт хөгширч, үс унаж өнгө чанараа алдана
-Нүүрэн дээр юм гарч, арьсны эд үхжин, арьс харлаж, өтлөх
шинж харьцангуй хурдсана.
Зүрхний хэм өөрчлөгдөж үхэх аюултай
-Хар тамхи татсанаас нэг минутын дотор зүрхний хэмд өөрчлөлт гарч, зүрхний
цохилт минутад 20-50-аар нэмэгддэг. Энэ шинж тэмдэг 20 минутаас 3 цаг үргэлжилж, эцэстээ үхэх аюултай.
Сэтгэл гутралд орно
-Мансууруулах бодисын үйлчилгээ гарсны дараа толгой хүчтэй эргэх, харааны фокус алдагдах, маш ихээр сульдаж ядрах, нойргүйдэх, сэтгэл гутралд автах зэрэг шинж тэмдэг илэрдэг.